"Голомт-ын Д.Баясгалангаас эх орондоо ирж, гэрчийн мэдүүлэг өгөхийг шаардацгаая

"Голомт-ын Д.Баясгалангаас эх орондоо ирж, гэрчийн мэдүүлэг өгөхийг шаардацгаая

Хаврын улс төр ширүүхэн эхэлж, засгийн эрхийг хэний бүлэглэл гартаа авах, эсвэл хэрхэн эвлэлдэн нэгдэх процесс сүүлийн өдрүүдэд эрчимжиж байна. Өнгөрөгч намар эхэлсэн үе шилжих улс төрийн маргаан өнгөрсөн өдрүүдэд улам гүнзгийрэн хагарсаар эцэст нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож өөрийн байр суурийг илэрхийлснээр энэ тэмцэл албан ёсоор эрчимжиж байгаа нь тодорхой болсон. 

Энэ долоо хоногийн эхний өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т очиж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар 894 хуудас бүхий дөрвөн бүлэг материалыг хүлээлгэн өгсөн. Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр, Б.Энхбаяр нь "Голомт" банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан бөгөөд үүнийг гэрчлэх хүмүүс болон баримтууд байгаа аж.

Гэрчлэх хүмүүс гэдэг нь МАН-ын Бага хурлын гишүүн А.Амундра, НЗД асан Д.Сумъяабазар нар гэх мэдээлэл ч зарим хэвлэлээр гарсан. Энэ бол шударга ёсны илд хэмээн өөрийгөө "дөвийлгөдөг" ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хувьд авлига албан тушаалын хэрэгт холбогдож буй ноцтой гэмт хэрэг мөн. 

Энэ өдрийн маргааш Б.Энхбаяр дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн хамт зарим хэвлэлийг дуудаж байгаад "Би Голомтын Д.Баясгаланг танихгүй, уулзаж ч байгаагүй" хэмээн мэлзэв. Тэр орой нь мөн л "Голомт" банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр онлайн ярилцлага хийж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай уулзаж үзээгүй хэмээн тайлбарлажээ.

Гэвч нэгэн чухал гэрч өчигдөр орой гарч ирсэн нь НЗД асан Д.Сумъяабазар юм. Тэрбээр "Голомт"-ын Д.Баясгалан захиралтай одоогийн Хуульзүйн сайд Б.Энхбаярыг би оффис дээр нь уулзаж танилцуулж байсан. Уулзалтад А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна хэмээн мэдэгдэв. Уг уулзалтад байсан гэх А.Амундра ч монголд очиж гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн хэмээн цахим хуудсаараа мэдэгдсээр буй.

Улс төрийн зодооны гол гэрч болчихоод буй "Голомт" банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан ингэхэд хаана явна вэ?

Тэрбээр сүүлийн саруудад гадаадад амьдарч буй бөгөөд монголын улс төр хааш эргэх, хэний тал ялахыг харан сууж буй бололтой. Түүнийгээ ч энэ долоо хоногт онлайнаар өгсөн ярилцлагаараа нотлов. 

Ер нь Д.Баясгалан захиралтай холбоотой улс төр бизнесийн бүлэглэл дамнуулсан олон булхай луйвар яригддаг ч тэр бүр ил тод болсон нь цөөн. Өчигдөр орой гэхэд л ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Аюурсайханы ярианаас "Намынхаа зарим бүлгүүдийн хууль бус үйлдлийн талаар хэтэрхий их мэдээлэлтэй байсан тул түүнийг дуугүй болгох, авлигын эсрэг олон нийтийн бухимдлыг намжаахын тулд золиос болгон ашигласан" гэх өнгө төрх тод харагдсан. Уг ярилцлага дунд ч Д.Баясгалангийн нэр хэд хэд дурдагдсан. 

Улс төрийнхнийг хагаралдуулж, бизнест ашигтай ч төрд халтай шийдвэрүүд гаргуулж сурсан "Голомт”-ын гэдгээрээ танигдсан Д.Баясгалан нь уул уурхай, эрчим хүч, банк, төмөр зам гээд оролцоогүй салбаргүй болтлоо томорч, Монгол төрийн дээр сандайлж суучихсан, төр ч түүнд тустай шийдвэр гаргах болсон нь энэ удаагийн улс төрийн зодооны дундаас тодорхой харагдаж буй юм. 

Улс төрийн зодоонд нэгнийгээ алахаас ч буцахгүй болсон хагаралын үрийг таригч, хамгийн гол гэрч болоод буй Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан эх орондоо ирж, гэрчийн мэдүүлэг өгөхийг шаардах цаг иржээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.