П.Сайнзориг: Л.Оюун-Эрдэнийг яаралтай гэрчийн хамгаалалтад авах ёстой
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.03.23/ Авлигатай тэмцэх газарт очиж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар 894 хуудас бүхий дөрвөн бүлэг материалыг хүлээлгэн өгсөн билээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой асуудлаар шүгэл үлээж, АТГ-т мэдээлэл гаргалаа. АТГ болон прокурор гэрчийг яаралтай хамгаалалтад авах хэрэгтэй. Мөн нотлох баримтуудыг устгаж буй талаар дурдагдсан тул энэ асуудал дээр мөн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Наад зах Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг яаралтай чөлөөлөх ёстой хэмээн мэдэгдлээ.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар анх удаа томилогдоход зөвлөхөөр нь ажиллаж байгаад улмаар Г.Занданшатарын Засгийн газарт Б.Энхбаярын “шахалт”-аар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдсон “зузаан” ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж буй аж.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн АТГ-т хандаж гаргасан хүсэлтийг үзэх бол ЭНД дарна уу
Мөн Д.Мөнх-Эрдэнийн талаар дахин нэгэн баримтыг тэрбээр дэлгэлээ.
Нүүрсний хулгай, хуйвалдааныг “Төрийн нууц”-д авч, далд хэлбэрээр хулгай хийх боломж олгосон “Төрийн болон албаны нууцын тухай” хуулийг Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-т газрын дарга байхдаа /Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед/ С.Баярцогтын удирдлага дор боловсруулж, өргөн барьсан. Энэ хуулийг Ж.Энхбаяр /одоогийн ЭЗХ-ийн сайд/ 2016 онд УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны дарга болоод зүтгүүлж, батлуулж байсан.
2016 онд Ч.Сайнханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн 49 хувийг Оросын талаас Худалдаа хөгжлийн банкны оролцоотой бүлэглэл төрийн мөнгөөр шилжүүлж авсан. Үүний дараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж хуралдуулахад ЗГХЭГ-ын төлөөлөл буюу тухайн үеийн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ өөрөө очилгүй ХХБ-ны төлөөлөл болон Сангийн яамны төлөөллийг хуралдуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийг 66 хувиар гаргадаг дүрмийн өөрчлөлтийг батлуулж эс үйлдэлээрээ ХХБ-ны бүлэглэлийн талд үйлчилж байсан байдаг.
Мөн Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр баталсан АМНАТ-тай холбоотой Засгийн газрын тогтоолыг хянаж батлуулах, хуулийг гуйвуулж тайлбарлах ажлыг Д.Мөнх-Эрдэнэ гардан гүйцэтгэсэн. Хуулийн байгууллага шударга ажиллах ёстой. Маш гүнзгий сүлжилдсэн нөхөд байгаа юм хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.