С.Шаарийбуу: "Уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна

С.Шаарийбуу:  "Уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна

Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны  хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас  ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Гавьяат багш С.Шаарийбуу:

-Би Монголын төрдөө анх удаа хандаж үзлээ. Сайхан хүлээж авдаг юм байна. Би өргөдлөө бичээд орсон, асуудлыг шуурхай шийдэж өглөө. Өнгөрсөн 20 жилд Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, надтай давж заалдсан. Тэндхийн хууль, шүүхийн байгууллага нэмээд төр нь оролцож байсан тул надад дааж давшгүй байлаа. Нэг эмэгтэй өмгөөлөгч, Б.Баяр өмгөөлөгч бид гурав л 20 жил явсан. Энэ удаад би аргагүйн эрхэнд Холбооны дээд шүүхэд нь давж заалдахаар хүсэлтээ өгөөд ирсэн, миний ганц боломж энэ байсан. 

Ингээд Малайзын Холбооны шүүхэд давж заалдахад Монголын Засгийн газар иргэнтэй хамт асуудалд хандах эрх нь нээгдэж байгаа юм. Үүнээс өмнө улсын дотоод асуудал тул хуулиараа өөр улс хөндлөнгөөс оролцож болохгүй байсан.

Засгийн газраас олон чухал хүмүүсийг оролцуулаад ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ ажлын хэсэг Австрали, Малайзтай яаж ажиллах, ямар гаргалгаа байна вэ гэдгийг шийдэнэ. Түвшин, агуулга, ач холбогдол нь өөрчлөгдөж байгаа нь хамгийн чухал.

Холбооны шүүхэд нь “Би давж заалдмаар байна. Надад зөвшөөрөл өгөөч” гэдэг хүсэлт өгсөн. Тэд зөвшөөрвөл би давж заалдана. Зөвшөөрүүлэхийн тулд би Засгийн газартаа хандаж байгаа юм. Тэгье, болно гэдэг шийдвэр гаргалаа, үр дүнд хүрэх байх гэж бодож байна.

Эцсийн дүндээ "Уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Бид төртэй. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.