"IT Park-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдаан"-ы шилдэг бүтээлүүд шалгарлаа

"IT Park-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдаан"-ы шилдэг бүтээлүүд шалгарлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк (IT Park)-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдааны 2-р шатны шалгаруулалт 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаан 2026 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 23-ны хооронд зарлагдсан бөгөөд дотоод, гадаадын бүтээлч багуудын ирүүлсэн төслүүдээс шилдэг 7 баг эцсийн шатанд шалгарч, төслөө pitch хэлбэрээр танилцуулсан юм.

Уралдааны зорилго нь Мэдээллийн технологийн үндэсний парк-ийн олон жил зориулалтын дагуу ашиглагдаагүй хойд жигүүрийн B1–2 давхрын дотоод орон зай, зохион байгуулалт, интерьерийн шийдлийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, “Technology, Innovation & Co-Working Space” буюу технологи, инновацын хамтын ажлын орчин болгон хөгжүүлэхэд чиглэсэн хамгийн оновчтой зураг төсөл, концепцийн шийдлийг шалгаруулахад оршиж байв.

Шалгаруулалтыг дараах бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг үнэлж, хэлэлцүүлгийн үндсэн дээр эцсийн шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • ЦХИХХЯ-ны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүжав
  • Мэдээллийн технологийн үндэсний парк-ийн захирал Ж.Золзаяа
  • Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Г.Цовоодаваа
  • ТӨБЗГ-ын Төрийн өмчийн зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ
  • FIBO Cloud ХХК-ийн дэд захирал Г.Хулан

Шүүгчдийн баг төслүүдийг архитектурын шийдэл, инновац, орчны зохион байгуулалт, хэрэгжих боломж зэрэг шалгуурын дагуу үнэлж, дараах багуудыг шалгарууллаа.

  • 🥇 1-р байр — Б.Ууганбаяр /Forae Architects/
  • 🥈 2-р байр — А.Байгалмаа
  • 🥉 3-р байр — Б.Бямбажаргал /Creed Studio/
  • 🏅 Тусгай байр — Б.Тэлмэн /АНУ-аас оролцсон/

Тус уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр FIBO CLOUD ХХК ажилласан бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулжээ.

IT Park-ийн хойд жигүүрийн шинэчлэлийн хүрээнд стартап компаниуд, технологийн бизнесүүд болон инновацын багууд хамтран ажиллах орчин үеийн хамтын ажлын орон зай, технологийн төв байгуулагдах бөгөөд энэ нь Монголын технологийн экосистемийг дэмжих чухал алхам болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.