Непалын парламентын сонгуульд рэппер Балендра Шах хүчтэй өрсөлдөж байна
Непал улс даяар бүх нийтийн парламентын сонгуулийн санал хураалт 2026 оны 3-р сарын 5-ны пүрэв гарагт эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн хамгийн дуулиантай нэр дэвшигчээр Катманду хотын дарга асан, нэрт рэппер Балендра Шах буюу "Бален" тодорч, залуу үеийнхний хүчтэй дэмжлэгийг авч байна.
Энэхүү сонгууль нь 2025 оны 9-р сард өрнөсөн "Gen Z" буюу залуучуудын томоохон эсэргүүцлийн жагсаалын дараах анхны томоохон улс төрийн үйл явдал юм. Тухайн үед Ерөнхий сайд К.П. Шарма Оли жагсагчдын шаардлагаар албан тушаалаасаа огцорсон бөгөөд үүнээс хойш тус улсыг Дээд шүүхийн шүүгч асан Сушила Карки түр засгийн газрын тэргүүний хувиар удирдаж байв. Хатагтай Сушила Карки өнөөдөр өглөө саналаа өгөх үеэрээ түр засгийн газрын үүргээ амжилттай гүйцэтгэсэн тухайгаа мэдэгдсэн байна.
Өдгөө 35 настай Балендра Шах нь барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2022 онд нийслэл Катманду хотын даргаар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар улс төрийн замналаа эхлүүлсэн юм. Тэрээр 2025 оны 12-р сард Рави Ламичханегийн тэргүүлдэг Үндэсний бие даасан намд (RSP) нэгдэж, улмаар тус намаас Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Балендра Шах Зүүн Непалын Жхапа-5 тойрогт туршлагатай улс төрч, дөрвөн удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан К.П. Шарма Олитой шууд тулж өрсөлдөж байгаа нь хуучинсаг үзэлтнүүд болон шинэ үеийнхний хоорондын гол тулаан гэж нэрлэгдэж байна.
Түүний мөрийн хөтөлбөрт авлигагүй засаглал, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэхээс гадна 1.2 сая ажлын байр шинээр бий болгох амлалт багтжээ. Мөн гадаад руу чиглэсэн ажиллах хүчний урсгалыг багасгаж, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Гадаад бодлогын хувьд Энэтхэг, Хятад зэрэг хөрш орнуудтай тэнцвэртэй харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ч түүний олон нийтийн сүлжээнд хийсэн зарим шүүмжлэлт мэдэгдлүүд олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Сонгуульд Непалын Конгресс намаас шинэчлэгч үзэлтэй 49 настай Гаган Тхапа, Коммунист намаас (CPN-UML) 75 настай К.П. Шарма Оли нар өрсөлдөж байна. Санал хураалтын албан ёсны дүн ирэх амралтын өдрүүдэд буюу 3-р сарын 7-8-ны өдрүүдэд тодорхой болох төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Балендра Шахын нам олонх болж чадахгүй ч эвслийн засгийн газар байгуулахад гол үүрэг гүйцэтгэх эсвэл Ерөнхий сайд болох өндөр магадлалтай байна.
Эх сурвалж:
• ksat.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.