🔴МУГЖ Т.Ариунаагийн "Special Women’s Day" тоглолт гуравдугаар сарын 8-ны 19:00 цагаас эхэлнэ

AI хөрвүүлсэн

МУГЖ Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Special Women’s Day" нэртэй баярын тусгай тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр "UG Arena"-д зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тоглолт нь эхчүүд, эмэгтэйчүүд болон охид бүсгүйчүүдэд зориулсан хайр, хүндэтгэлийн илэрхийлэл болох бөгөөд уянгалаг дуу хуур, мартагдашгүй дурсамж дүүрэн үдшийг бэлэглэх зорилготой юм.

Тоглолтын ерөнхий найруулагчаар "Skin Entertainment"-ын Анар ажиллаж байгаа бөгөөд Т.Ариунаагийн уран бүтээлийн баг хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэл ажилдаа оржээ. Тоглолтод "Зүрх ассан" тоглолтын шинэчилсэн найруулга бүхий 33 дуунаас гадна үзэгчдийн сонсох дуртай хуучны зургаан хит дуу шинэ хувилбараар эгшиглэх юм. Мөн тайзнаа "Mongolian Entertainment" болон дуучны хувийн бүжгийн багийн нийт 50 гаруй бүжигчин оролцож, нүсэр бүрэлдэхүүнтэй үзүүлбэрүүдийг толилуулна.

Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн тав тух, харагдах орчинд онцгойлон анхаарч, тайзыг заалны голд 360 градусын шийдлээр засахаар болжээ. Ингэснээр үзэгчид аль ч суудлаас тоглолтыг саадгүй үзэх, дуучинтай илүү ойроос харилцах боломж бүрдэж байгаа юм. Тайзыг тойрсон "Fan Zone" буюу босоо хэсэгт үзэгчид дуучинтай хамгийн ойр зайнаас хамтдаа дуулж, бүжиглэх боломжтойг найруулагч Анар онцоллоо.

Энэ удаагийн тоглолтын нэгэн онцлох сюрприз нь "Баянмонгол" чуулгын дуучин, СТА Наагий буюу Н.Наранбаатартай хамтран дуулсан "Зөвхөн тэр хайрандаа" дуу юм. Одоогоос 30 орчим жилийн өмнө Ардын уран зохиолч Ш.Хүрэлбаатарын үг, УГЗ Г.Пүрэвдоржийн аялгуугаар бүтсэн энэхүү поп сонгодог бүтээлийг МУГЖ Б.Чинбат шинэчлэн найруулж, ийнхүү дахин амилуулжээ

Мөн тоглолтод дуучны олон жилийн хамтрагч "Хар тас" хамтлагийн Марка оролцож, үе үеийн хит бүтээлүүдээсээ толилуулах аж. МУГЖ Т.Ариунаа хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ, урлагийн бүтээл бүрийн ард асар их хөдөлмөр, санхүүгийн эрсдэл байдгийг дурдаад, энэхүү тоглолтыг бүтээхэд 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгааг онцоллоо. Тэрээр урлаг бол нийгэмд соёлын үрийг тарьж, хүмүүсийн хандлага, гоо зүйн мэдрэмжид эерэгээр нөлөөлдөг салбар гэдгийг тодотгож, үзэгчдийг урлагийн ажилтнуудын хөдөлмөрт хүндэтгэлтэй хандахыг хүссэн юм.

"Special Women’s Day" тоглолт гуравдугаар сарын 8-ны 19:00 цагаас эхлэх бөгөөд хайртай бүхэндээ зориулан барих хамгийн том бэлэг байх болно гэдгийг уран бүтээлчид амлаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.