🔴 О.Алтангэрэл: Олон улсын практикт сонгогчдын саналаар гишүүнийг шууд эгүүлэн татах тохиолдол ховор байдаг
УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ үеэр Ардчилсан намын (АН) бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслүүд дээр нэгдсэн байр суурьт хүрэхээр төлөвлөж байна. Одоогоор тус нам албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд хуулийн төслийн эцсийн хувилбартай танилцсаны дараа тодорхой дүгнэлт өгөх аж.
Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Үүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс болон УИХ-ын гишүүн А.Батбаатар нар төсөл боловсруулсан гэх мэдээлэл байна. УИХ-ын дэгийн дагуу ижил төрлийн агуулгатай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх боломжтой бөгөөд АН-ын бүлэг эдгээр төслийн агуулга, иргэдийн хүлээлтэд нийцэж буй эсэхийг нягтлах юм.
Ёс зүйн хариуцлагын тухайд АН-ын шинэчилсэн дүрэмд тодорхой заалтууд туссан бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгэгдээд байгааг албаныхан онцоллоо. Намын удирдлагын зүгээс зарим гишүүдэд ёс зүйн сануулга өгч эхэлсэн байна. Одоогийн мөрдөгдөж буй цалингийн 20 хувиар торгох зэрэг арга хэмжээ нь хариуцлага тооцоход хангалтгүй байгаа тул цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дараа дараагийн парламентад жишиг болохуйц хууль батлах шаардлагатай гэж үзэж байна.
Гэвч гишүүнийг эгүүлэн татах асуудалд маш болгоомжтой хандах ёстойг АН-ын төлөөлөл анхаарууллаа. Олон улсын практикт сонгогчдын саналаар гишүүнийг шууд эгүүлэн татах тохиолдол ховор байдаг.
Хэрэв парламентын олонх нь гишүүнийг эгүүлэн татдаг зохицуулалт орвол эрх баригч хүчин сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилох эрсдэлтэй. Мөн сонгогчдын саналаар эгүүлэн татах нь дахин сонгууль явуулах зэрэг зардал, зохион байгуулалтын төвөгтэй асуудлуудыг дагуулдаг байна
Одоогийн хууль тогтоомжоор гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эсвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр эгүүлэн татах зохицуулалт бий. Тиймээс парламентын гишүүнийг хэн нэгэн нөлөө бүхий улс төрч, улс төрийн нам эсвэл олон нийтийн давалгаагаар бус, зөвхөн хууль зүйн үндэслэлтэйгээр эгүүлэн татдаг байх зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.