Буриадын нэрт бизнесмэнийг эх орноосоо урвасан хэргээр 20 жилийн хорих ял оноожээ
Читийн Дорнод бүсийн цэргийн шүүхээс Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын гишүүн асан, Буриадын нэрт бизнесмен Михаил Матхановыг эх орноосоо урвасан болон террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг завдсан хэрэгт буруутай гэж үзэн, 20 жилийн хорих ял оноожээ.
Шүүхийн шийдвэрээр тэрээр ялын эхний таван жилийг хамгийн чанга дэглэмтэй шоронд, үлдсэн 15 жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэхээр болсон байна. Мөн түүнд 500 мянган рублийн торгууль ногдуулж, суллагдсаных нь дараа 1.5 жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Шүүх хурлын явцад М.Матхановыг 2022 оны арванхоёрдугаар сард гадаадын иргэний данс руу 3050 ам.доллар шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Прокурорын зүгээс уг мөнгийг Украины зэвсэгт хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын армийг сулруулах зорилготой байсан гэж үзжээ. Түүнчлэн тэрээр ОХУ-д террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хагас цэргийн бүлэглэлд элсэх зорилгоор Украины талын төлөөлөгчидтэй удаа дараа холбоо тогтоохыг оролдсон байна.
Түүнийг 2025 оны хоёрдугаар сард Хиагт хотын ойролцоо улсын хил нэвтрэхийг оролдож байх үед нь Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд саатуулжээ. М.Матханов нь хагас цэргийн бүлэглэлд нэгдэх төлөвлөгөөгөө биелүүлж амжаагүй байхдаа баригдсан бөгөөд энэ нь түүнийг террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг "завдсан" гэх зүйл ангиар яллах үндэслэл болсон байна. Хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын сүүл болон гуравдугаар сарын эхээр олон нийтэд ил болсон юм.
Михаил Матханов нь 2000-2004 оны хооронд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын гуравдугаар дахь удаагийн сонгуулийн гишүүнээр ажиллаж, байгаль орчин, хөдөө аж ахуйн хороонд харьяалагдаж байсан улс төрч юм. Тэрээр Буриадын согтууруулах ундааны зах зээлд тэргүүлэгч байсан "Байкалфарм" компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани 2014 онд дампуурлаа зарлаж байжээ. Түүний гэр бүл бүс нутагтаа нөлөө бүхий бөгөөд ах Иринчей Матханов нь Төрийн Думын гишүүн, нөгөө ах Владимир нь Буриадын засгийн газрын орлогч даргаар ажиллаж байсан түүхтэй.
Энэхүү хэрэг нь 2025 болон 2026 оны эхээр ОХУ-д эх орноосоо урвасан хэргээр ял сонсох тохиолдол эрс нэмэгдэж буй үед гарч байгаагаараа онцлог юм. Хууль эрх зүйн ажиглагчдын үзэж буйгаар, ийм төрлийн хэргүүдэд оноох ялын бодлого чангарч байгаа бөгөөд М.Матхановын хэрэг нь бүс нутгийн нөлөө бүхий улс төрч, бизнесменүүдийн дунд гарсан томоохон дуулианы нэг болж байна.
Эх сурвалж:
• irk.ru
• dawn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.