Дарханы шүүгч нарын ёс зүйгээ зөрчсөн хэргүүд Сахилгын хороонд дараалал үүсгэж байна

Дарханы шүүгч нарын ёс зүйгээ зөрчсөн хэргүүд Сахилгын хороонд дараалал үүсгэж байна

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шүүгч нар ёс зүйгээ зөрчсөн гэх гомдлуудад Шүүхийн сахилгын хорооныхон “дарагдах” шахаж байна. Тус хорооныхон өнөөдөр л гэхэд Авлигатай тэмцэх газраас гаргасан хоёр ч гомдлыг хэлэлцэхээр товлоод байсан юм. Түүний нэг нь нэр дурдсан аймаг дахь шүүхийн шүүгч нартай холбоотой.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдох иргэн А.Билгүүн болон АТГ-ын хамтран гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байв. Гэвч оролцогчдын хүсэлтээр хойшлуулжээ. Нэр дурдсан шүүгч нартай холбоотой хэд хэдэн үндэслэл бүхий гомдол иргэн А.Билгүүн гаргасан аж.

Тухайлбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал шүүх бүрэлдэхүүнд удаа дараа өөрийгөө томилдог, Сэлэнгэ, Орхон аймгийн шүүхэд хурлын бүрэлдэхүүнд оролцож, томилолтын мөнгө авдаг, Сэлэнгэ аймагт шүүх хуралд оролцчихоод буудалд хоноогүй атлаа хоносон гэсэн баримт бүрдүүлж өгч байсан. Гэр бүлийн буюу өмгөөлөгч нөхөр нь шүүхээр гэртээ орж байгаа юм шиг байнга орж, гардгаар тогтохгүй таарамжгүй харилцаатай шүүгч нартай маргаан үүсгэдэг. Дархан хайрхны тахилга 2025 оын зургаадугаар сард болоход Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нар шүүн таслах ажиллагаа тасалдуулж оролцсон. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнд оролцоод буцах замдаа архидан согтуурч, ажилтнууддаа агсам тавьж, хэл амаар доромжлон ялгаварлан харьцсан. Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа шүүгч нараа дагуулан Зулзагын голын амралтанд очиж архидан согтуурах ажлыг удирдан зохион байгуулсан гэх зэрэг гомдлыг Сахилгын хороонд гаргасан гэнэ.

Уг гомдлыг тус хороо хэлэлцээд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд сахилгын шийтгэл оноосон байна. Үүнийг нь эсэргүүцэн хэргийн оролцогчид дээд шатанд нь гомдол гаргаснаар хянан үзэх хурлыг товлоод байжээ.

Үүнээс өмнө Шүүхийн сахилгын хорооны хурлаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Бат-Амгалан, Б.Гэршихбөртэ, Н.Идэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул нарыг ёс зүйгээ зөрчсөн, хэргийн оролцогчтой ойр дотно харилцсан гэх гомдлыг хэлэлцээд Г.Гэрэлт-Од, Я.Туул нарыг огцруулах шийтгэл оноож, бусдад нь холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь 2024 оны арванхоёрдугаар сард Шүүхийн сахилгын хороо яг ийм шийдвэр гаргаж байсан ч дээд шат нь хянаад дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Тэднээс гадна Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Т.Жавхлантөгсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч тавигдаж байв.

Эдгээрээс гадна нэг шүүгч нь ёс зүйгээ зөрчин албаны машинаараа явалгүй, хэргийн оролцогчийн нэг талын унаанд суун үзлэгт явсан. Түүнийгээ булзааруулах гэж оролдсон уу, шүүхийн захиргааны байгууллагынхаа албан тушаалтныг амь насанд заналхийлсэн гэх үндэслэлээр цагдаагаар шалгуулсан гэж байгаа. 

Хамгийн ноцтой нь Дархан-Уул аймгийн шүүхээс удаа дараа, олон тооны хавтаст хэрэг алга болчихоод байгаа юм билээ. Эдгээрийг нягталж шалгахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дархан-Уул аймаг дахь шүүхүүдэд хяналт шалгалт хийхээр болсон сурагтай. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шалгаад ямар дүгнэлт гаргах юм бол доо.

Хэргийн оролцогчидтой ойр дотно харилцсан нь Сахилгын хорооны шалгалтаар тогтоогдсон, хэргийн нэг талын унаанд сууж үзлэгт явсан, эрүүгийн хэрэг өдүүлсэн, хавтаст хэрэг дутаасан гэх үйлдлүүдийг хаацайлахгүй, хариуцлага тооцож чадах, эсэхийг харъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.