50 орчим насны эрчүүдийн хөгшрөлтийг "химийн бодисууд" хурдасгаж байна
"Frontiers in Aging" шинжлэх ухааны сэтгүүлд 2026 оны 2-р сарын сүүлээр нийтлэгдсэн шинэ судалгаагаар өдөр тутмын хэрэглээнд түгээмэл байдаг "мөнхийн химийн бодисууд" буюу PFAS нь 50-иас дээш насны эрчүүдийн биологийн хөгшрөлтийг эрс хурдасгадаг болохыг тогтоожээ.
Сонирхолтой нь, энэхүү сөрөг нөлөө ижил насны эмэгтэйчүүдэд ажиглагдаагүй бөгөөд дунд эргэм насны эрчүүд синтетик нэгдлүүдийн нөлөөнд илүү өртөмтгий байгааг эрдэмтэд онцолсон байна.
Судалгааны баг PFNA (перфторононанойн хүчил) болон PFOSA (перфторооктанесульфонамид) гэсэн хоёр төрлийн бодисыг хөгшрөлтийн гол хөдөлгүүр гэж тодорхойлжээ. Эдгээр нь хүний биед удаан хугацаанд задардаггүй тул "мөнхийн" гэж нэрлэгддэг бөгөөд судалгаанд оролцогчдын 95 орчим хувийнх нь цуснаас илэрсэн нь уг асуудал хүн амын дунд хэр газар авсныг харуулж байна. Хуучин төрлийн зарим PFAS бодисуудыг олон улсад хориглосон хэдий ч эдгээр шинэ хувилбарууд нь орчин үеийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өргөн ашиглагдсаар байгаа юм.
Эрдэмтэд хүний жинхэнэ насыг бус, харин эсийн түвшний "биологийн нас"-ыг хэмжихийн тулд ДНХ-ийн метилизацид суурилсан "эпигенетик цаг"-ийг ашигласан байна. Үр дүнд нь 50-64 насны эрчүүдийн дотоод эрхтэн болон эсүүд бодит наснаасаа илүү хөгширсөн байдалтай байв.
Шанхайн Жяо Тун их сургуулийн Анагаах ухааны сургуулийн тэргүүлэх судлаач Сянвэй Лигийн тайлбарласнаар, дунд эргэм нас нь эрчүүдийн хувьд хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд илүү мэдрэмтгий "биологийн цонх" үе байж болзошгүй аж. Түүнчлэн тамхи татах зэрэг амьдралын буруу хэв маяг нь химийн бодистой хавсарч, эсийн гэмтлийг улам даамжруулдаг байна.
PFNA болон PFOSA нь наалддаггүй сав суулга, хүнсний тос нэвтэрдэггүй сав баглаа боодол, ус нэвтэрдэггүй хувцас, гал унтраах хөөс зэрэгт агуулагддаг тул хүн төрөлхтөн өдөр тутамдаа эдгээрт өртсөөр байна. Иймд мэргэжилтнүүд савласан хүнсний хэрэглээг багасгах, ялангуяа хуванцар савтай хоолыг богино долгионы зууханд халаахгүй байхыг зөвлөж байна. Учир нь халаах явцад хуванцар дахь химийн бодисууд хоол хүнс рүү шилжих эрсдэл эрс нэмэгддэг ажээ.
Энэхүү судалгаа нь химийн бодисын холимог хүний урт наслалт болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг харуулсан томоохон дохио болж байна. Судлаачид болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цаашид шинэ үеийн PFAS бодисуудад тавих хяналтыг чангатгах шаардлагатайг анхааруулж, ус цэвэршүүлэгч хэрэглэх зэрэг хувийн хамгаалалтын арга хэмжээ авахыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.