"Оросын төмөр зам" компани дампуурлын ирмэгт ирж хөрөнгөө зарж эхэллээ
Оросын төрийн өмчит "Оросын төмөр зам" (РЖД) хувьцаат нийгэмлэг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи хамгийн хүнд сорилттой тулгарч, дампуурлын ирмэгт ирээд байна.
Тус компанийн нийт өр 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 4 их наяд рубль буюу ойролцоогоор 51 тэрбум ам.долларт хүрсэн нь санхүүгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж эхэлснийг эдийн засгийн шинжээчид болон албаны эх сурвалжууд баталлаа. Энэхүү өрийн хэмжээ нь 2022 оны эхэн үетэй харьцуулахад даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм.
Компанийн санхүүгийн тайлангаас үзэхэд цар тахлын үеэс хойш анх удаа цэвэр алдагдал хүлээсэн байна. Тодруулбал, 2025 оны эхний есөн сарын байдлаар 4.4 тэрбум рублийн алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеийн 44.7 тэрбум рублийн ашгаас эрс уруудсан үзүүлэлт болжээ. Орлогын гол эх үүсвэр болох төмөр замын ачаа тээврийн хэмжээ Украин дахь мөргөлдөөн эхэлснээс хойш 14 хувиар буурч, ачаа эргэлт 2009 оноос хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн байна. Түүнчлэн Оросын Төв банкны бодлогын хүүгийн өсөлтөөс шалтгаалан зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 332 тэрбум рубль зарцуулсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Санхүүгийн гүн хямралаас гарахын тулд Оросын засгийн газар РЖД-ийн хөрөнгийг яаралтай худалдах төлөвлөгөөг баталсан байна. Үүний хүрээнд Москва хотын түүхэн дурсгалт Рижский вокзалыг 4 тэрбум рублийн анхны үнээр дуудлага худалдаанд оруулахаар болсон бол саяхан төв оффис болгохоор худалдаж авсан "Moscow Towers" цогцолбор дахь 62 давхар тэнгэр баганадсан барилгыг 220 тэрбум рублиэр зарахаар төлөвлөжээ. Мөн охин компани болох "Холбооны ачаа тээврийн компани"-ийн 49 хувийг хувьчлах болон олон мянган үл хөдлөх хөрөнгөө зах зээлд гаргахаар бэлтгэж байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд 2026 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн ачаа тээврийн тарифийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч энэ нь хангалттай эх үүсвэр бүрдүүлэхгүй гэж үзэж байна. Улмаар компани хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө 20 гаруй хувиар танахад хүрч, Умард Сибирийн төмөр зам болон Дорнод бүсийн дэд бүтцийн шинэчлэлийн төслүүд зогсонги байдалд орох эрсдэлтэй тулгарлаа. Сангийн яамнаас Үндэсний баялгийн сангаас хүссэн 200 тэрбум рублийн тусламжийн оронд ердөө 65 тэрбум рубль баталсан нь хямралыг даван туулахад хүндрэлтэй байгааг харуулж байна.
Төв банкны орлогч дарга асан Сергей Алексашенко зэрэг эдийн засагчид төрийн зүгээс их хэмжээний санхүүгийн татаас олгохгүй бол РЖД өр төлбөрөө барагдуулах чадамжгүй болсныг онцолж байна. Тус компанийн өрийн дийлэнх хэсэг нь ВТБ, Сбербанк зэрэг төрийн өмчит банкуудад төвлөрсөн тул энэхүү хямрал нь Оросын банкны системд бүхэлд нь сөргөөр нөлөөлж, эдийн засгийн томоохон доргилт үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулсаар байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.