А.Навальныйг Орост байдаггүй, ховор төрлийн мэдрэлийн хороор хөнөөснийг тогтоов
Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн таалал төгссөний хоёр жилийн ойгоор Европын таван улсын эвсэл түүнийг "эпибатидин" хэмээх ховор төрлийн, үхлийн аюултай мэдрэлийн хороор хордуулсан болохыг албан ёсоор зарлалаа.
Их Британи, Франц, Герман, Швед, Нидерланд улсын Гадаад хэргийн яамд хамтарсан мэдэгдэл хийж, Оросын эрх баригчдын өмнө нь мэдэгдэж байсан "байгалийн жамаар нас барсан" гэх дүгнэлтийг няцаасан барууны засгийн газрын анхны албан ёсны баталгааг олон улсын тавцанд дэлгэн тавив.
Шинжээчдийн баг А.Навальныйн цогцосноос авсан дээжид хийсэн нарийвчилсан шинжилгээгээр Өмнөд Америкийн хорт мэлхийн арьснаас ялгардаг "эпибатидин" бодис илэрснийг хөдөлшгүй баримтаар нотолжээ. Энэхүү бодис нь морфиноос ойролцоогоор 200 дахин хүчтэй үйлчилгээтэй бөгөөд хүний биед ормогц амьсгал давчдах, таталт өгөх, зүрхний цохилт эрс удаашрах зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар бүрэн саажилт үүсгэн амьсгалын замын дутагдлаар үхэлд хүргэдэг байна. Европын эрдэмтэд уг хор ОХУ-д байгалийн жамаар байдаггүй тул лабораторийн нөхцөлд зэвсгийн зориулалтаар нийлэгжүүлэн гаргаж авсан байх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна.
Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын үеэр танилцуулсан уг тайланд ОХУ-ыг уг хорыг хэрэглэх "хэрэгсэл, сэдэл болон боломжтой байсан" цор ганц тал хэмээн буруутгажээ. Үүнтэй холбогдуулан дээрх таван улс Оросыг Химийн зэвсгийн конвенцыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, Химийн зэвсгийг хориглох байгууллагад (OPCW) албан ёсоор гомдол гаргасан байна. Тус хуралд оролцсон талийгаачийн гэргий Юлия Навальная нөхрийнх нь аллага одоо "шинжлэх ухаанаар батлагдсан баримт" болсныг онцолж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэв.

Кремлийн зүгээс уг мэдэгдлийг эрс үгүйсгэж, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова барууны орнуудын энэхүү тайланг өөрсдийн дотоод асуудлаас анхаарал сарниулах оролдлого хэмээн нэрлэж, А.Навальный зүрхний хэм алдагдлын улмаар нас барсан гэх байр сууриа дахин илэрхийлэв. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтон Европын түншүүдийнхээ дүгнэлттэй маргахгүй байгаагаа илэрхийлж, нөхцөл байдлыг "маш түгшүүртэй" гэж тодорхойлсон байна.
Энэхүү ноцтой илрүүлэлт нь олон улсын дипломат харилцаанд шинэ хурцадмал байдлыг үүсгээд байна. Их Британи болон түүний холбоотнууд Оросын шоронгийн тогтолцоонд оролцдог албан тушаалтнуудын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлжээ. Химийн зэвсгийг хориглох байгууллагад хандсан нь улс төрийн тэрс үзэлтний эсрэг биологийн болон химийн зэвсэг ашигласан гэх ноцтой буруутгал болж байгаа тул цаашид олон улсын тавцанд ОХУ-д үзүүлэх шахалт улам нэмэгдэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.