О.Уламсайханы биед халдсан хэрэгт холбогдогчид шүүхээс ял оноолоо
"Ноорог" студийн захирал О.Уламсайханы биед халдан, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанаас гэм буруутай нь тогтоогдсон иргэн Д.Доржсүрэнд 2 сая төгрөгийн мөнгөн торгууль болон нийтэд тустай ажил хийлгэх ял /720 цаг/ оноосон байна.
Хэрэг явдлыг эргэн сануулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний үүрийн 04:00-05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан байдаг. Тухайн үед хохирогч гэртээ харьж явахдаа хөрш болох 38 настай Д.Доржсүрэнтэй маргалдан, улмаар цээж болон гарын хэсэгтээ 2-3 удаа хутгалуулсан юм. Шархадсаны дараа түүнийг Цэргийн төв эмнэлэгт яаралтай хүргэж, зүүн суга, бугалганы булчингийн гүн шархыг оёх мэс засалд оруулж байв.
Шүүх хурал хоёрдугаар сарын 3-ны өдөр болж, шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар шүүхээс Д.Доржсүрэнд хоёр сая төгрөгөөр торгох, мөн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийдвэрийг танилцууллаа. Шүүгдэгч нь хохирогчтой нэг орон сууцны цогцолборт амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед үл ойлголцол үүссэн нь ийнхүү бие махбодын хүчирхийлэлд хүргэсэн гэж хууль хяналтын байгууллагаас мэдээлж байв.
Олон нийтэд "Ноорог"-ийн Улмаа гэдгээрээ танигдсан О.Уламсайхан нь өмнө нь "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан иргэний нийгмийн идэвхтэн юм. Түүний биед халдсан хэргийн шүүх хурал ийнхүү өндөрлөж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцсон ч О.Уламсайхан өөрөө хуулийн өөр нэгэн маргаанд холбогдоод байгаа билээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 10.4.1-д зааснаар "Бусдыг амиа хорлоход хүргэх" зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд уг хэрэг шүүхийн шатанд шилжээд буйг эх сурвалжууд мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.