Б.Баттүшиг: 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаар яриа өрнүүллээ
Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Милан–Кортина 2026 Өвлийн олимпын наадмын өдрүүдэд Азийн Олимпын Зөвлөлийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шэйх Жоаан Бин Хамад Аль Тани болон ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам нартай уулзжээ.
Тэрбээр энэ тухайгаа,
-Уулзалтын үеэр Азийн Олимпын Зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын хамт Монгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаар үр дүнтэй яриа өрнүүллээ. Монгол Улс тус наадмыг хүлээн авах орныг тодруулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болоод байна. МҮОХ, Улаанбаатар хотын удирдлага, салбарын яам хамтын уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар шаардлагатай алхмуудыг шуурхай хэрэгжүүлж чадвал манай улс наадмыг зохион байгуулах бодит боломж бүрдлээ.
Монгол Улс Азийн Танхимын болон Тулааны спортын наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны Ашхабад хотноо болсон наадмаас манай тамирчид 5 алт, нийт 30 медаль хүртэж, түүхэн амжилтаа үзүүлсэн удаатай.
Дараагийн буюу зургаа дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам 2026 оны 12-р сард Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдана. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ажиллах билээ гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.