Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэд хоногийн өмнө цахим сүлжээнд “...Ерөнхий сайд Г.Занданшатар Цагаан сарын өмнө Монголын ард түмэндээ сайн мэдээ дуулгана” гэж мэдэгдсэн. Тэр нь олон нийтэд хүлээлт үүсгээд байсан юм. Харин уржигдар Засгийн газраас “…Сайн мэдээ сонсгоно” хэмээгээд цаг зарлав.
Түүгээр “…Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ” хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит Ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Энэ дагуух хэлцэлд Засгийн газар, лиценз эзэмшигчид гарын үсэг зурсан юм.
Хэлцэлд “…Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх буюу 51 хувь ард түмэнд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж, өгөөжийн 60 хувь нь ард түмэнд ногдох ба 60 хувиас буурсан тохиолдолд нэмж өгөөж тохируулагч төлбөрийг төлнө” хэмээн тусгажээ.
Товчхондоо, Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн болон үүсмэл ордуудаас монголчууд 60 хувийн өгөөж хүртэх хэлцлийг Засгийн газар лиценз эзэмшигчидтэй хийлээ.
Харин, өмнө нь Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнэ стратегийн ордуудын 34 хувийн тухай ярьдаг байсан. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараахан, 2024 оны тавдугаар сарын 1-нд “…Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон УИХ-ын гишүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10 мянган айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна” гэж байв.
Үүнээс нэг жилийн дараа “…Үндэсний баялгийн сангийн хууль бол Үндсэн хуульд заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид ярилцаад ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь гол концепц байна. Ойлголтоо нэгтгэж байж 34 хувьтай холбоотой хэлэлцээр хийхгүй бол улс төрийн асуудал нь хөрөнгө оруулалт болон бусад асуудлаасаа өмнө гарчих гээд байна” гэж байсан юм.
Тэр үеэр “…Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий. Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой. Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдагийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих” гэж байв.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болгожээ.
Гэхдээ, энэ хэрэгжихэд нэг том саад бий. Үндсэн хуулийн 6.2-т 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж” гэж оруулсан.
Ерөнхий сайд Г.Занданшатарын “60 хувь” нь өөрийнх нь удирдлага болгосончлон үүнтэй зөрчилдөхгүй, нийцэж байгаа юм. Харин, Үндэсний баялгийн cангийн тухай хуульд 2025 оны нэгдүгээр сарын 10-нд Баялгийн сангийн эх үүсвэрийн талаарх заалтад өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 11.1.2.а-д “…Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг”, 11.1.2.б-д “…Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг” гэсэн өөрчлөлтүүдийг дахин өөрчлөх шаардлага үүсэж мэдэхээр байгаа юм.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7772)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.