🔴П.Цагаан: “Ачит ихт” компанийн 60 хувийг төрд өгөх асуудлыг УИХ-аар эцэслэгдэн шийдэгдэнэ
Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа.
"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан:
-2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордын үр өгөөжийн 50-иас дээш хувь нь ард түмэнд ногдох ёстой гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг болон хувийн хэвшлийн төлөөлөл арав орчим удаа хэлэлцээ хийсний дүнд урьдчилсан тохиролцоонд хүрч, гарын үсэг зурлаа.
Энэхүү тохиролцооны дагуу тухайн компани 44 хувийг эзэмших бөгөөд үндсэн хоёр зарчмыг баримталсан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу өгөөжийн 51-ээс дээш хувийг ард түмэнд хүртээх, хоёрдугаарт, компанийн нийт өгөөжийн 60 хувийг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төрд төвлөрүүлэхээр тогтсон. Энэхүү шийдвэр нь цаашид УИХ-д танилцуулагдаж, албажна гэлээ.
Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийн зүгээс төрд 34 хувиа эзэмшүүлэх санал тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн байна. Оюутолгой төсөл дээр төр 34 хувь эзэмшдэг ч сүүлийн 10 гаруй жилд ногдол ашиг аваагүй. Харин тус компанийн хувьд Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу борлуулалтын орлогоосоо 2 хувийн тусгай төлбөр төлж ирсэн нь өнгөрсөн хугацаанд 40 орчим тэрбум төгрөг болсон байна. Энэ нь эрсдэлтэй хувьцаа эзэмшиж ногдол ашиг хүлээхээс илүүтэй борлуулалтын орлогоос шууд төлбөр авах нь улсад илүү ашигтай болохыг харуулж байгаа юм.
Ордыг 100 хувь төрд авах ёстой гэх шүүмжлэлийн тухайд, газрын хэвлийн баялаг ард түмний өмч боловч түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт, эрсдэл даах чадвар шаардлагатайг салбарынхан онцолж байна. Хэн нэгэн хөрөнгө гаргаж, зээл авч, эрсдэл үүрч байж баялгийг үнэ цэн болгодог тул төр болон хувийн хэвшил ийнхүү зөвшилцөлд хүрсэн нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.