🔴Ж.Оджаргал: Баялгийн сангийн хуваарилалтыг уул уурхайн бүс нутгийн иргэдэд илүү хүртээх шаардлагыг тавьсан
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ. Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна.
М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:
-Үндэсний уул уурхайн компаниуд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжиж, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувийг ард иргэдэд хүртээх шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Засгийн газрын ажлын хэсэгтэй хийсэн хэлэлцээрийн хүрээнд уул уурхайн салбараас улсад төвлөрүүлэх өгөөжийг 60 хувьд хүргэхээр тохиролцоод байна. Энэ нь Баялгийн санг арвижуулах, улмаар иргэдэд очих байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм.
"Энержи Ресурс" компанийн хувьд 2008 онд Ухаа худгийн ордыг стратегийн ангилалд оруулж, 96 хувийг төрд хүлээлгэн өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш Ухаа худаг төсөлд хөрөнгө оруулалт хийж, өнөөдрийг хүртэл улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн. Хэдийгээр хөрөнгө оруулагчид одоогоор ашиг хүртээгүй, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч төрийн бодлогыг дэмжиж, өгөөжийн 60 хувийг төрд өгөхөөр зөвшилцсөн.
Өгөөжийн 60 хувь гэдэг нь борлуулалтын орлого биш, харин АМНАТ, ААН-ийн орлогын татвар болон бусад бүх төрлийн татвар, хураамжийг нэгтгэсэн нийт өгөөжийг хэлж байгаа юм. Энэхүү тооцоолол нь зах зээл дэх нүүрсний үнээс хамаарч хэлбэлзэх бөгөөд үнэ өсөх тусам улсад төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх уян хатан зохицуулалттай байна. Ингэснээр Баялгийн сангаар дамжуулан хуримтлал үүсгэж, иргэдэд бодит үр өгөөж мэдрүүлэх боломж бүрдэнэ.
Уул уурхайн компаниуд энэхүү шийдвэрийг гаргахдаа салбарыг тойрсон улс төржилтөд цэг тавьж, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг чухалчилсан. Олон жилийн турш үргэлжилсэн маргаан, хэрүүл нь бүтээн байгуулалтыг хойшлуулж байгаа тул эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд ийнхүү харилцан зөвшилцөлд хүрсэн.
Цаашид Баялгийн сангийн хуваарилалтыг орон нутагт болон уул уурхайн бүс нутгийн иргэдэд илүү хүртээмжтэй болгох шаардлагыг тавьсан.
Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-ийг өнөөгийн 7 мянган доллароос 15-20 мянган долларт хүргэхийн тулд экспортыг нэмэгдүүлж, валютын урсгалыг сайжруулах шаардлагатай. Үндэсний компаниуд манлайлал үзүүлж, Баялгийн санг арвижуулах замаар улс орны хөгжлийг урагшлуулахыг зорьж байна. Харин сангийн хөрөнгийг улс төрийн популизмгүйгээр, шударга, нээлттэй зарцуулах нь төр засгийн хийх ёстой гол ажил гэдгийг салбарынхан онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.