Ясмин Фуад: Монгол Улс тулгамдсан асуудлаа бодитоор харуулахын зэрэгцээ тэсвэр хатуужил, ухаалаг шийдэл, манлайллаа дэлхий дахинд таниулах боломж бол COP юм
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Eagle News”-д зочноор оролцож, Монгол Улсад 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах COP17 бага хурал, цөлжилт, газрын доройтлын асуудлаар ярьсан дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэе.
-Та дэлхийн олон орны хуурай гандуу бүсийн, эсвэл бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нутгийн иргэдтэй уулзаж байсан байх. Тэгвэл газрыг нөхөн сэргээх гэсэн ойлголтод хамгийн их нөлөө үзүүлсэн түүх юу байна вэ?
-Миний төрсөн нутаг болох Египеттэй холбоотой нэг түүх яръя. Сан Катеринд өндөр уулын бүсэд олон төрлийн эмийн ургамал ургадаг. Тэндхийн нутгийн иргэд, овог аймгууд эдгээр эмийн ургамлыг устахаас хамгаалахын тулд зүй зохистойгоор түүж ашиглах, нөхөн сэргээх, мөн борлуулах сувгийг бий болгож чадсан. Ингэснээр мянга гаруй хүн, айл өрх тогтвортой амьжиргаатай болсон юм. Онцлог нь зөвхөн эрчүүд бус, эмэгтэйчүүд, хүүхдүүд хамт хийсэн явдал. Эмэгтэйчүүд эмийн ургамлын уут хийж, хүүхдүүд соёл, уламжлалаасаа сэдэвлэн зураг зурж чимэглэдэг байсанд оршдог. Ингэснээр хүн болон байгаль хоорондын гайхалтай холбоо илэрч, газар нутгаа эдийн засаг, нийгэм, соёл, өөрийн гэсэн үнэлэмж, ялгарал бүх талаас нь хүндэтгэн үнэлж байгааг харуулсан юм.
-Маш олон хүн НҮБ-ын гурван конвенц гэж сонссон болохоос бодит амьдрал дээр эдгээр яг юу вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. UNCCD-г удирдаж байгаа хүний хувьд, амьжиргаа нь газар болон уснаас шууд хамааралтай хүмүүст конвенцуудын зорилго, ач холбогдлыг тайлбарлаж өгнө үү?
-Энэхүү конвенцын гол агуулга бол ердөө л газар нутаг. Газар гэдэг бол бидний төрсөн, амьдарч буй, хоол хүнсээ олж авч, усаа ууж, хөдөлмөрлөдөг орон зай. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц бол үндсэндээ газар нутгийг хамгаалах хууль эрх зүйн хувьд заавал мөрдөх ёстой олон улсын гэрээ. Энгийнээр хэлбэл, энэ бол оролцогч улс орнууд газар нутгаа хамгаалж, хүмүүсийг ирээдүйд хоол хүнс, уух ус, ажил хөдөлмөртэй, итгэл найдвар дүүрэн амьдрах боломжтой байлгахын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж буй хамтын ажиллагаа юм.
-Газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж үзэх нь түгээмэл ч нийгэм, эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалт нь улс орнуудын эдийн засаг, урт хугацааны үнийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Газар нутагт зарцуулсан нэг доллар бүр эдийн засагт 20-иос дээш долларын өгөөж авчирч чаддаг. Үүнийг тодорхой жишээгээр тайлбарлая. Уул уурхай эрхэлдэг бүс нутгийг авч үзье. Монгол Улсын хувьд уул уурхай эдийн засгийнх нь чухал салбарын нэг. Хэрэв уул уурхайн үйл ажиллагааны дараа газар нутгийг сэргээвэл, тэр газрыг зүгээр орхисноос илүү их ашиг, орлого бий болгох боломжтой. Энэ нь орон нутгийн иргэдийн орлогын эх үүсвэр болох учиртай. Нөгөө талаас нь харвал нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь хүмүүс өөрсдийн газар нутагтаа амьдрах боломжтой байх явдал юм. Газар доройтвол хүмүүс өдөр тутмын амьдралаа залгуулж чадахгүй болж, нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ нь дотоодын эсвэл гадаад шилжилт хөдөлгөөний шалтгаан болж, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Тиймээс газрын доройтол, цөлжилт, ган гачиг нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлын суурь асуудал болж байна.
-Мал аж ахуйгаар дийлэнх нь амьжиргаагаа залгуулдаг Монгол шиг улсад газрын доройтол өргөн хүрээнд бодит нөлөөг үзүүлдэг. Таны туршлагаас авч үзэхэд, газрын доройтол нутгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдэд хэр их нөлөө үзүүлдэг вэ?
-Газар доройтох нь хүмүүсийг хоол хүнсээр хангаж чадахгүйд хүргэж, усны хомсдолыг нэмэгдүүлдэг. Ялангуяа орон нутгийн иргэдийн дунд эмэгтэйчүүд хоол хүнс, уух ус бэлтгэх үүргийг голчлон хүлээдэг. Газар улам доройтох тусам эмэгтэйчүүдэд ноогдох ачаалал нэмэгдэнэ. Мөн газар доройтсоноор хүүхдүүд тоглож, сургуульдаа явах зам гэх мэт орчин тойрны асуудал үүсэж, ирээдүйн боломж нь хумигддаг. Энэ нь хүүхдүүдийн ирээдүйн итгэл найдвар, амьдрах орчныг үгүй хийж буй хэрэг юм.
-Тэгвэл UNCCD нь эдгээр асуудлыг хэрхэн залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэдийг дэмжсэн практик, олон нийтийн оролцоог хангасан шийдэл болгож хувиргадаг вэ?
-Бидний хэрэгжүүлдэг хамгийн том санаачилгын нэг бол Африк тивийн Сахелийн бүс нутагт эхлүүлсэн “Их Ногоон Хана” юм. Энэ хүрээнд шиа модыг дахин тарьж, газар нутгийг сэргээснээр тухайн бүс нутагт амьдарч буй айл өрхүүдэд бодит ажлын байр бий болгож, тогтвортой орлого олох боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ хүмүүсийг нутаг орондоо үлдэх итгэл найдвараар хангаж, байгалийн нөөцөөс үүдэлтэй зөрчил, мөргөлдөөнийг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна. Мөн БНСУ-ын санхүүжилттэй “Энхтайвны ой” санаачилга Ази болон Төв Азийн орнуудад хэрэгжиж, газар нутгийг сэргээхтэй зэрэгцэн орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгож байна. Энд онцлох зүйл нь зөвхөн мод тарих бус, хоол хүнс өгөх, амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулах мод, ургамлыг сонгож тарьж байгаа явдал юм. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, ган гачиг, газар нутгийн доройтолд нэрвэгдсэн Монголын нийт газар нутгийн 70 гаруй хувийг ирээдүйн итгэл найдвар болгон хувиргах асар том боломж юм. Энэ нь ажлын байр, хүнс, тогтвортой байдал, улмаар улс орны дотоод эв нэгдэлд чухал хувь нэмэр оруулна.
-Таны туршлагаас харахад газар, бэлчээр сэргэж эхлэхэд юу хамгийн түрүүнд өөрчлөгддөг вэ. Байгаль орчин, орон нутгийн эдийн засаг, эсвэл хүмүүсийн ирээдүйд итгэх итгэл?
-Газар нутгийг сэргээх нь зөвхөн эдийн засаг, байгаль орчны үр ашигтай холбоотой асуудал биш юм. Миний хувьд энэ нь хүний дотоод мөн чанарт хүрдэг гэж боддог. Өөрийгөө хүндэтгэх, өөрийн гэсэн үнэлэмж, нэр төр, итгэл найдвар дахин сэргэдэг. Хүн өөрийн амьдарч буй газар нутагтаа амьдрах, хөдөлмөрлөх, үр хүүхдээ өсгөх эрхтэй гэдгээ мэдэрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Ингэснээр хүн дотоод амар амгаланг мэдэрч, ирээдүйдээ итгэлтэй болдог. Энэ дотоод өөрчлөлтөөс эхлэн илүү өргөн хүрээний үр дүн-эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдал-аажмаар бий болдог. Тиймээс газар нутгийг сэргээх үйл явц нь маш гүн гүнзгий, хүний сэтгэл зүрхнээс эхэлдэг гэж хэлж болно.
-Уур амьсгал болон газрын доройтлын асуудалд санаа зовдог залуус олон бий. Гэвч тэд асуудлыг хэрхэн шийдэх талаар сайн мэддэггүй. UNCCD-ын хүрээнд шийдлүүдийг боловсруулахад залуучууд, түүний дотор Монголын залуучууд ямар үүрэг гүйцэтгэх боломжтой гэж та харж байна вэ?
-Залуус төдийгүй хүүхдүүд тогтвортой хөгжлийн ирээдүйг тодорхойлоход асар чухал үүрэгтэй гэж би харж байна. Улс орнууд 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгууд, мөн НҮБ-ын олон талт хамтын ажиллагааны зорилгыг бодит болгоход залуусын оролцоо зайлшгүй хэрэгтэй. Эхнийх нь залуус Риогийн гурван конвенцын Талуудын бага хуралд идэвхтэй оролцох боломжтой. Энэ жил Талуудын бага хурлууд Монгол Улсын Улаанбаатар хотоос эхлээд Армени, Турк улсад зохион байгуулна. Энэ нь илүү олон залуусыг олон улсын түвшинд оролцуулах боломж юм. Хоёрдугаарт, газар нутаг бол бүх салбарыг холбодог “нэгтгэгч” учраас залуус дижитал шилжилт, инновацад суурилсан шийдлүүдийг санаачлах асар том орон зай бий. Жишээлбэл, тариалан, хөрсний чийг, цаг уурын мэдээлэл өгдөг апп, уур амьсгалын эрсдэлийг урьдчилан тооцоолох систем зэрэг санаа. Гуравдугаарт, Талуудын бага хурлын дараа эдгээр санааг эх орондоо туршилтын журмаар хэрэгжүүлэх боломж бий. НҮБ-ын олон байгууллага ийм санаачилгыг санхүүжүүлэхэд бэлэн байна. Дөрөвдүгээрт, шилдэг туршлагуудыг солилцож, нутагшуулан өргөжүүлэх нь маш чухал.
-НҮБ-д орохоос өмнө Та хуурай газрыг зохицуулах тал дээр өргөн туршлагатай Египет улсын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Монгол Улс Бэлчээрийн тэргүүлэх санаачилгаа UNCCD-тэй хамтран бэлтгэж байх үед эдгээр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, ялгаатай бэлчээрийн асуудалд ямар сургамж, эсвэл хамтын боломжууд байгааг та харж байна вэ?
-Египетийн Синайн хойг, хойд эргийн бүсийн бэлчээр болон Монголын бэлчээрийн экосистем газарзүйн хувьд ялгаатай ч нийтлэг нэг чухал зүйл бий. Хуурай бүсийн бэлчээр нь малчид, бэлчээр ашиглагчдын амьжиргааны үндэс болдог. Тэднийг шийдлийн төвд байрлуулж, хамтын оролцоотойгоор асуудлыг шийдэх нь газар нутгийг сэргээхэд зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр бид хүмүүсийг өөрсдийн газар нутагтаа үлдээж, байгалийн нөөцөөс үүдэлтэй зөрчил, маргаанаас зайлсхийж, нийгмийн харилцан итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлнэ. Нөгөө талаас, Египет уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын Талуудын бага хурлыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Монгол Улс ч COP17-ын бэлтгэлийн явцад газар–усны холбоо, хүнсний аюулгүй байдал, бэлчээрийг уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудалтай уялдуулан авч үзэх бүрэн боломжтой. Энэ нь газарзүйн ялгаанаас үл хамааран нийтлэг шийдэл бий болгох зам юм.
-Монгол Улс бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйгаар олон улсын тавцанд манлайлахыг зорьж байна. Таны харж байгаагаар бэлчээрийг хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, хөдөөгийн амьжиргааг нэгэн зэрэг шийдвэрлэх эхлэл болгож буй зүйл юу вэ?
-Дэлхийн нийт газрын 50 хувь нь бэлчээр бөгөөд бидний хэрэглэж буй хүнсний гуравны нэг нь бэлчээрээс шууд хамааралтай. Байгалийн нөөц улам хомсдож, дэлхий даяар зөрчил мөргөлдөөн нэмэгдэж буй өнөө үед бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах асуудал нэн тэргүүний зорилт болж байна. Бэлчээр бол зөвхөн хоол хүнс үйлдвэрлэх эх үүсвэр бус, газар нутгийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, ургамалжилтыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах цогц шийдэл юм. Хамгийн чухал нь энэ бүхэн хүмүүсийг өөрсдийн газар нутагтаа тогтвортой амьдрах боломжийг хангаж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг. Миний хувьд бэлчээрийн тухай яриа нь зүгээр нэг дэлхийн байгаль орчны хөдөлгөөнөөс давж, олон талт хамтын ажиллагаа, найдвар, эв нэгдлийг дахин сэргээж буй үйл явц юм.
-Египет улс өмнө нь хоёр удаа НҮБ-ын Талуудын бага хурал зохион байгуулж байсан туршлагатай. Энэ туршлагаас авч үзэхэд, бага хурлыг зохион байгуулах нь хүлээн авагч оронд ямар ашиг тустай байдаг вэ?
-Талуудын бага хурлыг зохион байгуулна гэдэг нь зөвхөн нэг удаагийн олон улсын арга хэмжээ биш. Үүний дараа тухайн улсад газар нутгийн доройтол, цөлжилтийн талаар үндэсний хэмжээний мэдлэг, ойлголт эрс нэмэгддэг. Монгол Улсын хувьд эдийн засаг нь бэлчээрт суурилдаг тул энэ нь ард иргэдэд онцгой ач холбогдолтой. Мөн газар дээрх харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, улс орон өөрөөрөө бахархах үндэс бий болдог. Гэхдээ хамгийн чухал нь хувийн хэвшил байгаль орчныг “зардал” биш, харин боломж гэж харж эхэлдэг явдал юм. Газар нутгийг хэрхэн хөрөнгө оруулалт татахуйц, эдийн засгийн хувьд өгөөжтэй, гэхдээ тогтвортой байлгах вэ гэсэн асуулт бодит бизнесийн боломж болж хувирна. Энэ үйл явц ТБХ-аар дуусахгүй, харин жинхэнэ өөрчлөлт үүнээс хойш эхэлдэг.
-Монгол Улс UNCCD COP17-г зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Дэлхийн хэмжээний бага хурал ойртож байгаа энэ үед монголчууд юу мэдрээсэй, эсвэл бодитоор юу хийгээсэй гэж та хүсэж байна вэ?
-Бага хурал ойртох тусам их, дээд сургуулиудын, хүүхэд, залуус, малчид, бэлчээр ашиглагчдын оролцоог илүү сайн зохион байгуулах нь чухал. Бид Монгол Улсын Засгийн газрыг дэмжин “Торгоны замын аялал” санаачилгыг эхлүүлж байна. Энэ аялал Риядаас эхэлж, Улаанбаатар хотод өндөрлөж, бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн түүх, хичээл зүтгэлийг нэгтгэн харуулах юм. Мөн хурлын талаарх мэдээллийг олон сувгаар авч, зохион байгуулалтад сайн дурын үндсэн дээр оролцсоноор Монголын залуус үндэсний томоохон үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаагаараа бахархах болно. Жендэр, эмэгтэйчүүд, залуусын арга хэмжээнд оролцож, бодитой хэрэгжих санаануудыг цуглуулах, малчид, эрдэмтэн судлаачид, залуусын сайн туршлагыг баримтжуулах нь чухал. Ингэснээр Монгол Улсад тулгарч буй асуудлуудыг бодитоор харуулахын зэрэгцээ, тэсвэр хатуужил, ухаалаг шийдэл, манлайллаа дэлхий дахинд таниулж чадна. Намайг урьсанд маш их баярлалаа. Талуудын бага хурлыг Монголын ард түмэн маш амжилттай зохион байгуулж, дэлхий дахинд бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.