“Шинжиан шинфа” XXK-ийн Сүн Гуачен бусдад залилуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ

“Шинжиан шинфа” XXK-ийн Сүн Гуачен бусдад залилуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамаарал бүхий аж ахуйн нэгж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн. Олон компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм. Холбогдох талууд тайлбар хийнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсад хөгжил авчрах аливаа ажлын төлөө тууштай зүтгэсээр байх болно” хэмээсэн байв.

“Төрийн банк”-нд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийн авлигын хэргийн нэг холбогдогч БНХАУ-ын “Шинжиан шинфа” XXK-ийг үүсгэн байгуулагч Сүн Гуачен бусдад залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм байна.

Энэ хэрэг нь хэрхсэн талаар Нийслэлийн прокурорын газрынхнаас тодруулахад “Авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам.доллараа бусдад залилуулсан” гэсэн гомдлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” XXK-ийн захирал С.Г 2023 оны аррванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Гомдлынх нь дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналыг мөрдөгч гурван удаа прокурорт ирүүлсэн.

Уг хэрэгт хяналт тавьсан прокурор мөрдөгчийн саналыг хянаад, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын даалгавар бичиж, мөрдөгчид буцаасан байдаг. Мөрдөх байгууллагаас хэрэгт хийвэл зохих ажиллагаа явуулж, өнгөрсөн оны есдүгээр сард хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн, хаах санал гаргаж Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж дүгнэн, өөрийн дотоод итгэлээр 2025 оны есдүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь холбогдогч талууд иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.