З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр өнгөрсөн баасан гарагт товлоод байв. Гэвч эл хоёр хүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нар тухайн өдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар өчигдрийг болтол хойшлуулсан юм.

Тэдний татгалзлыг үндэслэлгүй гэж үзэн хурлыг өчигдөр үргэлжлүүлэхэд мөн л өмгөөлөгч нар нь “Хурлыг 60 хоногоор завсарлуулах хүсэлтэй байна, 240 хуудас нотлох баримтыг үнэлүүлэх шаардлагатай. Гэрч Д.Доржхандыг оролцуулах ёстой ч ирсэнгүй” гэх мэт хүсэлт гаргаж, мөн л хойшлуулахыг оролдов.

Энэ үед прокурорууд хэлсэн үгэндээ “Өмгөөлөгч нар шүүн таслах үйл ажиллагаанд санаатай саад учруулахыг оролдож байна” гэдгийг ч анхааруулав.  Эл хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны хоёрдугаар сард хэлэлцээд Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноож, З.Энхболдыг цагаатгасан билээ. Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд эл хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм. Улмаар анхан шатны шүүх дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэснээр ийнхүү дахин хэлэлцэхээр болоод байгаа юм.

ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий хүн буюу төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан гэх хэрэгт холбогдсон. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан байдаг. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.