БНХАУ дэлхийн геополитикийн өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

БНХАУ дэлхийн геополитикийн өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

Хятадын гадаад бодлого нь парадоксоор тодорхойлогддог: хүч чадлаа харуулахыг хүсдэг атлаа зөрчил, мөргөлдөөнөөс зайлсхийхийг эрмэлздэг.

Олон улсын харилцааны хурдацтай явагдаж буй өөрчлөлтийн дунд Хятадын гадаад бодлого нь нарийн төвөгтэй тооцоолол болон хувирчээ. Ойрх Дорнодоос Латин Америк, Ази Номхон далайн бүсээс Арктикийн тойрог хүртэл Бээжин дэлхийн тавцанд болгоомжтой прагматизмаар урагшилж яваа ч дэлхийн нөлөөний төвүүдийг шинээр үүсгэх хүсэл эрмэлзэлтэй байна. Бүс нутгийн хямралын дунд АНУ-тай стратегийн ширүүн өрсөлдөөнд орж, нөлөөллөө тэлэх хүсэл эрмэлзэл нь түүний бодлогод нөлөөлсөөр байна.

Хятадын өнөөгийн гадаад бодлого дэлхий дахинд юуг илэрхийлж байна вэ?

АНУ-ын тухайд: Өрсөлдөөнөөс зохион байгуулалттай харилцаа руу

Хятадын албан ёсны бодлого нь "энх тайвныг цогцлоох", "дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх", "бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал"-ыг хүндэтгэх, харилцан ашигтай байдалд суурилсан эдийн засгийн түншлэлийн санаан дээр төвлөрдөг. Бээжин Вашингтонтой харилцах харилцаа нь зөрчилдөөн рүү шилжих ёсгүй гэж үзэн, мөргөлдөөнөөс илүү хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг уриалж байна.

Гэвч геополитикийн орчин энэхүү байр суурь болон бодит байдлын хооронд асар том ялгаа байгааг харуулж байна. Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь риторик /хурц хурц мэдэгдэл /хурцадмал байдлыг буцаан авчирч, геополитикийн дарамтыг нэмэгдүүлэв.

Венесуэлд цэргийн интервенц хийж, Гренландыг өөрийн мэдэлд авахаар заналхийлсэн зэрэг Трампын шийдэмгий алхмуудыг Хятадын зүгээс эрс буруутгаж, үүнийг олон улсын хууль тогтоомж, конвенцийг зөрчсөн жанжлах бодлогын тусгал гэж үзэв.

Энэхүү хурцадмал нөхцөл байдлын эсрэг Хятадын стратеги маш нарийн тооцоологдсон байна.

Практикаас үзвэл Хятал улс уламжлалт холбоотнуудыг сулруулахын тулд олон улсын нөхцөл байдал, ялангуяа Атлантын далай дамнасан хурцадмал байдлыг ашиглахыг эрмэлзэж буй юм.

Бээжин Трампын засаг захиргааны тогтворгүй, таамаглахад бэрх ааш авирыг Европ, АНУ-ын хоорондын итгэлцлийг сулруулах боломж гэж харж байгаа. Өөрийгөө найдвартай, тогтвортой эдийн засгийн хүч мэтээр ойлгуулж буй Хятад улс Европын улсуудад Вашингтоноос хараат уламжлалт аюулгүй байдлын тал дээр эргэлзээ үүсгэхийг эрмэлзэж байна.

Энэ нь Европын "стратегийн бие даасан байдал" гэсэн ойлголтыг бэхжүүлэх, Атлантын далай дамнасан аюулгүй байдлын холбоо харилцааг хумих, улмаар Хятадын урт хугацааны бодлогын өнгөн дээр Атлантын далайн эрэг хоорондын эв нэгдлийг сулруулах зорилготой юм.

Хятадын тооцоолол дахь Иран, Сири

Иран, Сирид болж буй бүс нутгийн хямралын талаарх Хятадын бодлого нь эдийн засгийн ашиг сонирхол, геополитикийн бодлогын нарийн хослолоор тодорхойлогддог. Бээжин Техерантай байгуулсан хамтын ажиллагаагаа зөвхөн худалдааны түншлэл гэж үздэггүй; харин "Бүс ба зам" санаачилгын хүрээнд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дэлхийн худалдааны замыг төрөлжүүлэх өргөн хүрээтэй стратегийнхаа тулгуур багана нь гэж үздэг. Хятад улс Иранаар дамжин Еврази руу гарах хуурай замын коридоруудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд энэ маршрут нь Ормузын хоолой, Малаккийн хоолой, Суэцийн суваг зэрэг геополитикийн эрсдэлд өртөмтгий далайн замуудаас хамааралтай байдлыг бууруулах зорилготой стратегийн хуурай замын хувилбар юм. Сирийн хувьд Хятадын байр суурь тус улсын асуудалд хөндлөнгөөс оролцохын оронд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх, дайны дараах сэргээн босголтод оролцоход чиглэж байна.

Сирийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, тус улсад тусламж үзүүлснээр Хятад улс энэхүү чухал бүс нутагт зардал ихтэй цэргийн мөргөлдөөнд оролцохгүйгээр улс төр, эдийн засгийн нөлөөгөө бий болгож байна. Бээжин энэхүү прагматик аргыг Африк, Латин Америктай харилцаагаа өргөжүүлэхэд ашиглаж байгаа юм.

Тухайлбал Хятад улс ихэвчлэн цэргийн бааз байгуулах зэрэг аюулгүй байдлын оролцоотой байх, эсвэл улс төрийн дарамт үзүүлэх зарчимд тулгуурладаг Барууны хандлагаас ялгаатай нь худалдаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, дипломат харилцаа, соёлд чиглэсэн хөгжлийн шинэ хувилбар түнш гэж дээрх бүс нутгуудад өөрийгөө ойлгуулж буй юм. Эдгээр түншлэл нь харилцан эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч Бээжингийн энэ стратеги Вашингтон болон Барууны бусад улсуудын санааг улам бүр зовоож буй. Тэд Хятадын Африк, Латин Америкд явуулж буй бодлого олон улсын уламжлалт дэг журмыг өөрчлөх урт хугацааны геополитикийн нөлөөллийг бий болгох оролдлого гэж болгоомжилж байна.

Эдийн засаг бол геополитикийн нөлөөллөө тогтоох арга хэрэгсэл

Хятад нь бодлогоо "энх тайвныг цогцлоох" зорилготой гэж тайлбарладаг боловч Бээжингийн олон улсын хамтын ажиллагаан дахь практикийг геополитикийн өрсөлдөөний далд тавцан гэж олон улсын хүрээнд үздэг. Олон улсын санхүүгийн болон засаглалын байгууллагуудын хүрээнд системтэйгээр тэлж буй “Бүс ба зам" санаачилга нь АНУ-ын тэргүүлдэг дүрэм журам, хуулийн хүрээг аажмаар халах дэлхийн өөр шинэ дэг журмыг удирдах тодорхой хүсэл эрмэлзлийг тусгасан гэж Өрнөдийнхөн үзэж буй юм. Шүүмжлэгчид Хятадын "хамтран хөгжих" гэсэн далбаан дор ч оруулдаг асар их хэмжээний хөрөнгө оруулалт нь урт хугацааны стратегийн хамаарлын хэв маягийг бий болгож, гол бүс нутгуудад геополитикийн нөлөөллийн үндэс суурийг тавьж байна гэж үзэж байгаа. Африкаас Төв Ази, Зүүн Өмнөд Ази хүртлэх бүс нутагт Бээжин Барууныханаас өөр хөгжлийн загварыг санал болгож, улс төрийн шинэчлэл шаарддаггүй түнш гэдгээ харуулж чадсан. Ингэснээр бүс нутгийн динамикийг аажмаар зурж байна. 

Харин Арктик зэрэг геополитикийн мэдрэмтгий зах хязгаарын бүс нутагт Хятадын шууд нөлөө хязгаарлагдмал хэвээр байна. Барууны зарим хэвлэлд Хятадын Гренландыг тэлэх хүсэл эрмэлзлийг хэтрүүлэн харуулдаг ч тус арал дахь Хятадын оролцоо бага, судалгааны түвшинд байсаар байна. Гренланд нь Европын том гүрнүүд болон АНУ зэрэг уламжлалт өрсөлдөгчдийн улс төрийн хязгаарлалттай тулгарч байгаагаас эдийн засгийн хөрөнгө оруулалтаа шинэ бүс нутагт стратегийн шийдвэрлэх нөлөө болгон хувиргах Бээжингийн чадавхийг хязгаарлаж буй юм.

Олон туйлт ертөнц дэх Хятадын гадаад бодлого

2026 онд Хятадын гадаад бодлого стратегийн парадоксоор удирдуулж буй мэт харагдаж байна: шууд мөргөлдөөнөөс зайлсхийх зуураа геополитикийн ашиг сонирхлоо урагшлуулах; тэлэлтийн төлөө улайрсан том гүрэн болж харагдахгүйгээр дэлхийн засаглалын дүрмийг тодорхойлох; хатуу хүчний бодлогын оронд эдийн засгаа зөөлөн хүчний хөшүүрэг болгон ашиглах хандлагатай байна. Гэхдээ Бээжингийн энэхүү тэнцвэр барих “хэврэг” арга өнөөгийн дэлхийн дахины нөхцөлд хүнд сорилттой тулгарч байна. АНУ Трампын удирдлага дор хариу үйлдэл үзүүлэх бодлогыг урьд урьдынхаас илүү хүчтэй баримталж, Венесуэлээс Ойрх Дорнод хүртэл хямрал улам бүр тэлж, Арктик зэрэг бүс нутгууд стратегийн өрсөлдөөний талбар болж байна. Геополитикийн ийм орчинд эрчим хүчний түншлэлээс эхлээд олон улсын мөнгөний дипломат харилцаа хүртэлх Хятадын сонголтууд тусгаарлагдсан арга хэмжээ гэж уншигдахгүй, харин нөлөөллийн сүлжээ, эдийн засгийн хамаарлыг дахин зурах замаар Барууны дэг журмыг эсэргүүцэх өргөн хүрээтэй стратегийн хүрээнд чиглэсэн зорилготой алхамууд гэж өргөн агуулгаар ойлгогдож байна.

Олон улсын холбоотнуудын харилцаа дэгэн догонтой, хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгаа ийм үед Хятадын дипломат ажиллагаа халуун сэдэв хэвээр байх болно. Гол асуулт нь Бээжингийн тэлэлт илүү олон ургальч, хамтын ажиллагааны дэлхийн дэг журмын замыг нээж өгч байна уу, эсвэл илүү хурц өрсөлдөөнт динамикийг өдөөж байна уу, эсвэл цоо шинэ геополитикийн загвар бий болгож байна уу? Үүнийг хэлэхэд арай эрт байна.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2026/1/26/what-role-is-china-playing-in-global-geopolitical-transformations

Aljazeera агентлагийн цахим сэтгүүлийн нийтлэлийг англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 27, 28 (7769, 7770)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.