Цагаан сараар хамаатнуудынхаа хувийн орон зайг хүндэлдэг байя
Цагаан сар бол ураг төрлөөрөө учран золгох ерөөл бэлгэдлийн баяр. “Сайхан шинэлж байна уу” хэмээн ахмад настнаа хүндлэн золгож, гэр дүүрэн тэнүүн жаргалтай уур амьсгал бүрдэнэ. Гэвч энэ халуун дулаан уур амьсгалыг эвдэх мэт “Хэзээ хүнтэй суух вэ?”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу?”, “Ахиж төрөхгүй биз дээ” гэх зэрэг энгийн мэт санагдах асуултууд нь хэн нэгэнд төвөгтэй, тухгүй байдлыг бий болгож, хүний хувийн хил хязгаарыг давж орхидог.
Иймд энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангаараа цагаан сарын баяраар ямар таагүй мэдрэмж, сэтгэгдэл үлдээх ямар үгийг хамгийн их сонсдог талаар сонирхлоо.
“Цагаан сар болно гэхээр л нөгөө асуулт дахин давтагдах вий гэхээс таагүй санагдах болсон”
Монголчууд бид ахмадуудаа хүндэлж, ёс уламжлалаа нандигнадаг ард түмэн. Гэхдээ хүндлэл гэдэг нь заавал бусдын амьдралын сонголтыг шүүх, харьцуулах гэсэн үг биш.
Иргэн Д.Цолмончимэг “Би 30 гаруй настай, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн хэдэн жилд цагаан сарын баяраар хамгийн их сонссон үг бол “Одонгийн хүүхдээ хэзээ төрүүлэх вэ?!” гэдэг. Анх нэг их тоодоггүй байсан ч олон хүн ингэж асуугаад байхаар хэцүү санагддаг. Хэн нэгний яаж амьдрах, хэдэн хүүхэд төрүүлж өсгөх нь бусдад огт хамаагүй шүү дээ. Хүмүүс ер нь бусдын амьдралд хэт “хошуу дүрдэг”. Одоо бүр цагаан сар болно гэхээр л нөгөө асуулт дахин давтагдах вий гэхээс таагүй санагдах болсон. Бас нэгнийгээ өмсөж зүүсэн хувцас хунар, эдлэл хэрэглэлээр нь шүүж ярьцгаах нь ч бий. Зарим хүмүүс ийм ярианд өртөж, муугаа үзүүлэхгүй гэж хамаг байдгаа ч барьж харагддаг. Тиймээс уламжлалт баяраараа бусдын хувийн асуудалд хөндлөнгөөс оролцож, хэн нэгнийг шүүхгүй байгаасай” гэлээ.
“Гэр бүл зохиох нь хувь хүний л асуудал болохоос нийтээрээ оролцох зүйл биш”
Иргэн П.Хандаа “Би 24 настай. Оюутан байхаас эхлээд л “Үерхдэг залуу бий юу”, “Хэзээ нөхөртэй болох гэж байна”, “Тэдний хүүтэй танилцуулъя” зэрэг үгийг сонсож ирлээ. Хүнтэй сууж, гэр бүл зохиох нь хувь хүний л асуудал болохоос нийтээрээ оролцох зүйл биш. Энэ асуудал зөвхөн надад ч биш манай үеийн залууст их тохиолддог. Дээрээс нь ганц асуугаад өнгөрөхгүй, бусадтай харьцуулдаг нь үнэхээр хэцүү. Зарим хүмүүс “Үеийнхэн чинь хүнтэй суучихлаа”, “Тэдэн хүүхэдтэй болчихсон байхад” гээд л маш их харьцуулж, ёжлох гэж байгаа мэт хандлага ч гаргадаг. Энэ нь бидэнд маш хэцүү, тухгүй мэдрэмж төрүүлж, залхмаар санагддаг. Хүн бүр адилгүй учраас хэний ч амьдрал таашгүй. Миний хувьд нийгэмд эзлэх байр сууриа олж, сэтгэлзүйн хувьд төлөвшиж байж гэр бүл зохионо гэж боддог. Заримдаа цагаан сараар заавал хэн нэгэнд асуугдах ёстой юм шиг мэдрэмж төрдөг” гэв.
Дээрх эмэгтэйн хэлсэн шиг тохиолдол түгээмэл илэрдэг. Хүмүүсийн “хүнтэй суу” гэж шахах нь амархан мэт боловч үүний цаана гэр бүл төлөвлөлтийн чухал асуудал хөндөгдөх юм. Тэгвэл 2025 оны Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийн талаар хийсэн судалгаагаар өнөөгийн залуучууд гэр бүлийн амьдралд хэр бэлтгэгдсэнийг тодруулахад 80 орчим хувь дунд болон муу гэсэн үнэлэлт өгчээ.
Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 62 хувь нь эрэгтэй хүн 24-29 насандаа гэрлэхэд тохиромжтой гэж үзсэн бол эмэгтэйчүүдийн 59 хувь нь эмэгтэй хүн 24-29 насандаа гэр бүл зохиох нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй дундаж гэрлэлтийн нас нь 24-29 нас байхад зохимжтой гэдэгтэй санал нэгдэж байна.
“Ийм мэргэжил сонгохоор ажил олдох юм уу, цалин бага биш үү” гэлцдэг
Оюутан О.Анар-Эрдэнэ цагаан сараар хамгийн их сонсдог таагүй үгсийн талаар ийн ярьлаа.
Тэрээр “Би МУИС-ийн хоёрдугаар курсэд суралцдаг. Төгсөх ангид байхад “Ямар мэргэжилтэй болох гэж байна”, “Ямар сургуульд орох вэ”, “Ийм мэргэжилтэй болооч” гэж хэлдэг байсан. Харин оюутан болсны дараа “Аль сургуульд сурч байна” “Яагаад ийшээ орсон юм”, “Төгсөөд юу хийх вэ”, “Өө ийм мэргэжил ажил олдох юм уу, цалин бага биш үү” зэргээр миний хувийн сонголтыг эсэргүүцэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу мэргэжлээ сонгоод, гэр бүлийхэн маань дэмжсэн байхад бусад хүмүүс хэтэрхий өөрсдийн өнцгөөс хандаж ярихад нь дургүй хүрдэг. Бас энэ мэтээр хүний асуудалд оролцож урам хугалах ч тохиолдол байдаг. Тиймээс хэнээс юу асуухаа бодолцож, хүний хувийн асуудалд хэт оролцохоо больё” гэсэн юм.
“Тэтгэвэрт гарчихаад л ажиллаад байгаа юм уу” гэдэг
Ахмадууд ямар таагүй үгсийг хамгийн их сонсдог талаар Г.Тунгалагжаргал ярихдаа “Цагаан сарын баяр бол ах дүү, хамаатан саднаараа учран золгох уламжлалт баяр. Ахмад настандаа зочлон золгодог энэ баяраар дүү нар хүүхдүүд ганц нэг сэтгэлд эвгүй санагдах юм асууж байдаг. Жишээ нь, “Хүүхдүүд чинь юу хийж байна”, “Тэтгэвэрт гарчихаад л ажиллаад байгаа юм уу”, “Одоо ч нас яваад урьдын адил биш болсон уу” гэх мэтээр муу санаагүй ч эвгүй санагдах, хэт хувийн амьдрал руу “өнгийж” байгаа мэт юм асуудаг. Тиймээс уламжлалт баярынхаа сайхан өдрүүдээр хэн нэгний хувийн асуудал руу орохгүй байгаасай” гэлээ.
Цагаан сар бол асуултаар шахах биш, сонсож ойлгох, заах биш, дэмжих баяр байх ёстой. Тиймээс бие биедээ ерөөлийн үгсийг харамгүй хайрлаж, бодол, санаагаа хил хязгаартайгаар илэрхийлж сурцгаая.
Ч.Бямбахажид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 27, 28 (7769, 7770)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.