Н.Алтанхуягт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдлоо. Энэ удаагийн хуралдаан нь анхан шатны шүүхээс түүнийг цагаатгасан шийдвэрийг эсэргүүцсэн дөрвөн прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу явагдах гэж байгаагаараа онцлог бөгөөд шүүгдэгчийн хувьд тав дахь удаагаа шүүхийн танхимд дуудагдаж буй хэрэг юм.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулбал, прокурор Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт нар 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж албан ёсоор гомдол гаргасан байдаг. Тэд шүүхийн өмнөх цагаатгах тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэн, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Хөгжлийн банктай холбоотой энэхүү дуулиант хэрэг нь дөрвөн жилийн турш хуулийн байгууллагын шалгалтад байсаар ирлээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буруутгаж байна. Тухайлбал, түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Хөгжлийн банкны хөрөнгөөр "Говийн зам" ХХК-ийн барьсан замыг улсад худалдан авах шийдвэр гаргасан, мөн 2014 онд "Бэрэн" группт зээл олгоход хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон анхан шатны шүүх хурлаас түүнийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж цагаатгасан ч дээд шатны шүүхэд ийнхүү дахин хэлэлцэгдэхээр боллоо.
Маргааш эхлэх шүүх хурал нь улс төрийн хүрээнд, ялангуяа Ардчилсан намын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, түүнийг гэм буруутай гэж үзвэл нийтийн албанд томилогдох эрхийг 2-8 жилээр хасах, мөн хугацаагаар хорих ял оноох хуулийн зохицуулалттай. Энэ нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжид шууд нөлөөлөх эрсдэлтэй тул олон нийтийн анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.