Төрийн тусгай хамгаалалтын газрын баг "UAE SWAT Challenge"-аас хүрэл медаль хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдаж буй "UAE SWAT Challenge 2026" олон улсын тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг тамирчид амжилттай оролцож, анхны медалиа гардан авлаа. Тусгай хүчнийхний олимп хэмээн нэрлэгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээний уулын дугуйтай тактикийн даалгавар гүйцэтгэх төрөлд тус баг хурд хүч, ур чадвараа дайчлан өрсөлдөж, гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэд болсон байна. Энэ нь тусгай албаны алба хаагчдын бэлтгэл сургуулилт олон улсын түвшинд өндөр үнэлэгдэж буйн тод илрэл юм.
Энэ удаагийн буюу 7 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 48 улсын 109 баг тамирчид оролцож байгаа нь тэмцээний цар хүрээ, өрсөлдөөний түвшин хэр зэрэг өндөр байгааг харуулж байна. Дубай хотын "Al Ruwayyah" сургалтын төвд болж буй уг арга хэмжээнд АНУ, БНХАУ, ОХУ болон Казахстан зэрэг улсуудын элит анги нэгтгэлүүд оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьж байгаа юм. Тэмцээний эхний өдрүүдэд Казахстаны багууд болон ОХУ-ын "Малахит" баг дайралт хийх даалгаварт тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж, өрсөлдөөнийг улам ширүүн болгосон байна.
Төрийн тусгай хамгаалалтын газрын баг нь уулын дугуй ашиглан бартаат замд тактикийн нарийн төвөгтэй даалгавар гүйцэтгэх төрөлд онцгой амжилт үзүүлсэн нь тэмцээний онцлох үйл явдлуудын нэг байлаа. Энэ жилийн хувьд тус байгууллагаас гадна Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар болон Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын багууд мөн оролцож байна. Ерөнхий сайдын ивээл дор оролцож буй эдгээр гурван баг нь олон улсын тавцанд мэргэжлийн ур чадвараа харуулж, туршлага солилцох томоохон боломжийг ашиглаж байна.
Тэмцээн хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд баг тамирчид цаашид тактикийн даалгавар, офицер аврах ажиллагаа, өндөр цамхгийн даалгавар болон саадтай зурвас зэрэг төрлүүдэд хурд хүчээ сорих болно. "UAE SWAT Challenge" нь зөвхөн өрсөлдөөн бус, дэлхийн тусгай хүчний нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орчин үеийн тактикийн арга барилыг хуваалцах чухал талбар болж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.