Манай хөнгөн жингийн шилдгүүд барилдаж байна
Жүдо бөхийн энэ оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга тэмцээн эхэллээ.

78 орны 488 жүдоч хүч үзэх Парисын их дуулга тэмцээнд монголын 19 жүдоч хүч сорин барилдах талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба эрэгтэй жинд Монгол улсаас зургаа, АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах, АНУ-ын нэр дээрээс Э.Билэгт, Болдбаатар Стивен нарын есөн монгол жүдоч зодоглож байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
Дэлхийн аваргын мөнгө, 2021 оны Парисын их дуулгын хүрэл медальт Э.Ариунболд D хэсэгт эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Бразилын Исмаел Диэготой барилдах оноолттой байна.

Харин залуу бөх Т.Түмэнжаргал В хэсэгт эхний барилдаанаа Украины хашир туршлагатай Халматов Дилшоттой хийх аж.

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2022 оны Парисын их дуулгын аварга Ё.Басхүү А хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн байна.

В хэсэгт АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Мастерс 2024 оны Парисын их дуулган хүрэл медальт Б.Наранмандах мөн л эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Харин С хэсэгт өнгөрсөн оны Казакстаны их дуулгын хүрэл медальт Ө.Жанцандорж Марокко улсын бөхтэй учраа таарсан бол АНУ-ын нэр дээрээ хүч үзэж буй Э.Билэгт эхний тойрогт Киприйн бөхтэй учраа таарсан байна.

Эрэгтэйчүүдийн -73кг жинд:
А хэсэгт 2025 оны Улаанбаатарын их дуулгын аварга О.Уранбаяр эхний тойрогт гоц мөргөсөн байгаа бол АНУ-ын нэр дээрээс барилдаж буй Болдбаатар Стивен эхний тойрогт Доминиканы бөхтэй учраа таарсан байна.

Харин D хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.