ОУХМ Х.Тэмүүлэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Саудын Араб улсын Аль-Кассим мужийн Унайзах хотод зохион байгуулагдаж буй Засмал замын дугуйн спортын 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Олон улсын хэмжээний мастер Х.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр 23 хүртэлх насны буюу U23 ангиллын ганцаарчилсан гараатай 24.6 км-ийн уралдаанд хурд хүчээ сорин, тивийн шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөн энэхүү бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Энэ удаагийн тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээн нь Саудын Араб улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд 40 гаруй орны 1500 орчим тамирчин оролцож буй өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. "Roojai Insurance Winspace" мэргэжлийн багт харьяалагддаг 21 настай тамирчин маань өөрийн төрөлдөө техникийн ур чадвар, тэсвэр хатуужлаа бүрэн дайчлан уралдсанаар шагналын тавцанд зогсох эрхийг авлаа.
Х.Тэмүүлэнгийн хувьд 2025 онд Тайланд улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний мөн энэ ангилалд мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Хоёр жил дараалан тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн нь түүнийг Азийн бүс нутагтаа тогтмол өндөр амжилт үзүүлж буй ирээдүйтэй залуу дугуйчин гэдгийг дахин батлан харуулж байна.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.