Л.Энх-Амгалан: Найман удаа ипотекийн зээл авсан иргэн ч байна
2013 оноос хойш ипотекийн зээлд нийт 140 мянган өрх хамрагджээ. Гэвч үүнээс ердөө 30 мянган өрх л гэр хорооллоос орон сууцанд анх удаа шилжсэн байна.
Харин үлдсэн 110 мянган өрх ипотекийн зээлийг 2–3 удаа ашиглаж, орон сууцаа томруулж, нэмэгдүүлжээ. Цаашлаад ипотекийн зээлээр 5-аас дээш орон сууц авсан 12 мянган иргэн, 2 ба түүнээс дээш авсан 3,200 иргэн, бүр 8 удаа ипотекийн зээл авсан тохиолдол ч байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд даргаар ажилласан.
2013 оноос хойш ипотекийн 6-8 хувийн зээл дээр нийт 10 их наядын зардлыг Монгол банк болон улсын төсөв гаргасан. Ингээд 140 мянган өрх орон сууцтай болсон байна. Урьдчилсан судалгаагаар энэ 140 мянган өрөхөөс анх удаа буюу гэр хороололд амьдарч байгаад орон сууц авсан 30 мянган л өрх байна. 110 мянган иргэн орон сууцтай байсан, томруулсан, 2, 3 дахь орон сууцаа авсан иргэд. Энэ тоог бид нягтлах ёстой.
Сангийн яамнаас 3 ба түүнээс дээш орон сууцтай 12 мянган иргэн байгааг зарласан. 3-5 орон сууцтай иргэд өөрийн хөрөнгө эсвэл ипотекээр авсан эсэхийг тодотгох ёстой.
Найман удаа ипотекийн зээл авсан иргэн ч байна.
МИК-иас 2 ба түүнээс дээш орон сууц ипотекээр авсан иргэдийн тоо 3200-д хүрч байгааг зарласан.
Ипотекийн зээл 2-3 жилийн оочир үүссэн. Зээлд хурдан хамрагдахын тулд 10-20 сая төгрөгийн авлига төлж байна. Тиймээс энэ тогтолцоог өөрчилж, зорилтот бүлэг рүү ипотекийн зээлийг хүргэхийн тулд бид хоёр хуулийн төсөл бэлдсэн. Орон сууцжуулалтын санхүүжилтийн тухай хууль, Орон сууцжуулалтын нийлүүлэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлдэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.