Тайланд руу хар тамхи оруулахыг завдсан Монгол Улсын гурван иргэнийг баривчилжээ
Тайландын Хар тамхитай тэмцэх товчооноос Бангкок хотод тусгай ажиллагаа явуулж, олон улс дамнан мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэхийг завдсан Монгол Улсын гурван иргэнийг саатуулсан тухай албан ёсоор мэдээллээ.
Сэжигтнүүдийг хоёрдугаар сарын эхээр Сукхумвит 36-р гудамжинд байрлах зочид буудлаас баривчилсан бөгөөд тэд Бангкок хотыг дамжин өнгөрөх цэг болгон ашиглаж, шуудан илгээмжээр дамжуулан хориотой бодис хил давуулах сүлжээ үүсгэсэн хэмээн буруутгагдаж байна.
Гэмт бүлэглэл хууль сахиулах байгууллагын хяналт шалгалтыг төөрөгдүүлэхийн тулд нарийн зохион байгуулалттай арга хэрэглэж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Тэд цахилгаан хэрэгслийн эд анги болох конденсатор болон трансформаторын доторх хэсгийг салгаж, оронд нь "мөс" буюу метамфетамин төрлийн мансууруулах бодис нуун битүүмжилдэг байсан аж. Мөн сэжигтнүүд мөрдлөгөөс зугтах зорилгоор байрлаж буй зочид буудлаа 2-4 хоног тутам сольж, бусдын гадаад паспортыг ашиглан санхүүгийн гүйлгээ хийх зэргээр өөрсдийгөө далдалж байжээ.

Хэргийн сэжүүр анх нэгдүгээр сарын сүүлчээр Печабури замын ойролцоох тээврийн компаниас сэжигтэй илгээмж илэрснээр гарч ирсэн байна. Тухайн үед илгээмж доторх конденсатороос 150 грамм мансууруулах бодис олдсон бол сэжигтнүүдийг баривчлах үеэр тэдний өрөөнөөс нэмж 244 грамм бодис, савлагааны хэрэгслүүдийн хамт хураан авчээ. Ийнхүү нийт 394 грамм хориотой бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хамруулсан байна.
Одоогоор саатуулагдсан Монгол Улсын иргэдэд тус улсын хууль тогтоомжийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн мансууруулах бодис хууль бусаар хадгалсан, борлуулахыг завдсан болон улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тайландын хууль сахиулах байгууллагаас уг хэрэгт холбоотой байж болзошгүй бусад этгээдүүд болон санхүүгийн урсгалыг илрүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлэн үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: thethaiger.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.