Муугаар хэлэгдээд байгаа П.Наранбаяр сайдын үед багш нарын цалин хамгийн их нэмэгджээ
Нийгмийн сүлжээнд багш нарын цалингийн асуудал нэлээдгүй маргаан дагуулж байна. Багшийн цалин амьдрал дээр бодитоор хэрхэн нэмэгдсэн талаар нэгэн иргэн ийнхүү пост оруулжээ. Түүний нөхөр 18 жил ардын хүүхдүүдэд багшилж байгаа бөгөөд энэ жил багш нарын үндсэн цалин 1.480.000-аас 2.800.000 хүртэл өсөж нэмэгдэхээр байгаа юм. Муугаар хэлэгдээд байгаа П.Наранбаяр сайдын үед багш нарын цалин хамгийн их нэмэгдэж байгаа гэдгийг нэгэн иргэн ийнхүү бичжээ.
Манай гэр бүлийн хүн багш. Үндсэн цалинг нь 50 хувиар нэмсэн нь үнэн. Яах Вэ анхны хүлээлтэд хүрээгүй ч гэсэн 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна билээ. Энэ бол тийм ч бага мөнгө биш. Манай гэр бүл сард 900 мянган төгрөг ипотекийн зээлд төлдөг. Энэ төлбөрийн 55 хувийг нь шийдчихэж байгаа юм. Нуруун дээрээс овоо ачаа хөнгөрлөө гэсэн үг. Ирэх 11-р сард үндсэн цалинг нь дахиад нэмж, 2.8 сая төгрөгт хүргэх юм билээ. Тэгэхээр нөгөө ипотекийн зээлийн төлбөрөөс үлдэх 400 мянган төгрөгөө төлөөд цаана нь дахиад 200-гаад мянган төгрөг илүү гарна.
Хоёрдугаарт, багш нар арваад төрлийн нэмэгдэл авдаг. Эдгээрээс ур чадварын нэмэгдэл болон хоол, унааны мөнгө хасагдсан байна билээ. Багш нар болон шавь нар нь олимпиадад амжилт гаргавал ур чадварын нэмэгдэл олгох юм байна гэж ойлгосон. Ийм шалгуургүйгээр олгодог байхад нийт багш нарын 23 хувь нь л энэ нэмэгдлийг авдаг байсан гэдгийг өчигдөр Боловсролын дэд сайд тв-ээр ярьсан. Энэ 23 хувь нь бас бүгдээрээ багш нар биш. Сургалтын менежер, нярав, нягтлан гээд захиргааны ажилтнууд голдуу авчихдаг. Шулуухан хэлэхэд захиралд хэн таалагдана, тэр хүн л ур чадварын нэмэгдэл авдаг, мөрөөрөө ажлаа хийж байгаа багш нар эсвэл шударга бус байдлыг тэвчдэггүй хэл ам хийдэг нөхдүүд бол ур чадварын нэмэгдэл гээчийг нь горьдолтгүй юм билээ. Манай нөхөр 18 жил ардын хүүхдүүдэд багшилж байна, ур чадварын хувьд хэнд ч гологдохгүй гэж би боддог.
Миний хувьд хань маань хамгийн сайн багш. Ажилдаа маш их хайртай. Гэтэл ур чадварын нэмэгдэл гэж 10 хувь өгч байгаад больчихсон. Тэгэхээр захирал өөрийнхөө үзэмжээр ур чадварын нэмэгдэл гэж хэдхэн хүнд өгч байснаас нийт багш, ажилчдын цалинг жигд нэмсэн нь дээр гэдэг дээр нөхөр бид хоёр санал нийлж байгаа. Хоол, унааны мөнгө гэж сард 200к арай хүрэхгүй мөнгө өгдөг байсан нь энэ сард байхгүй болсон байна билээ. Төсвийн захиран зарцуулагч буюу захирлууд өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэж болох юм байна гэж ойлгосон. Магадгүй дараа сараас өгөх байх гэж найдаж байгаа.
Гуравдугаарт, та нарын муу хэлээд байгаа П.Наранбаяр сайдын үед багш нарын цалин хамгийн их нэмэгдэж байна. Өмнө нь багш нарын цалинг жилд 8-10 хувиар л нэмдэг байсан. Коронагийн хоёр жилд өнжөөд 2023 онд нэг удаа 30 хувиар нэмж байсныг санаж байна. Өмнөх хоёр жилийнхээ нэмэгдлийг бөөндсөн хэрэг.
Гэтэл энэ жил багш нарын үндсэн цалин 1.480.000-аас 2.800.000 хүртэл өсөх нь байна. Багадаа 1.3 сая төгрөгийн цэвэр өсөлт. Үндсэн цалингаас бодогдох анги даалт, кабинет, бие даалт гэсэн 3 төрлийн нэмэгдлийн дүн ч бас өсөж байгаа. Бид үнэн юмыг үнэнээр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Боловсролын яам багш нарын үндсэн цалинг амьдралын баталгааг хангах хэмжээнд хүргэх бодлого барьж байгаа гэж байсан. Нэмэгдлүүд бол багш нарын ажилласан жил, туршлага гээд олон хүчин зүйлээс шалтгаалж, өөр өөр байдаг. Тийм ч байх ёстой биз. Тэгэхээр баталгаатай авдаг үндсэн цалинг өсгөх нь хамгийн чухал гэдгийг 5-р ангийн хүүхэд ч ойлгоно доо, уг нь. Би одоогийн сайдыг танихгүй, нэг ч удаа нүүр тулан уулзаж байгаагүй, ядаж таарч ч үзээгүй. Гэхдээ энэ хүний бодлогыг зөв гэж харж байгаа жирийн нэгэн багшийн ар гэр байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.