Н.УЧРАЛ: Банк, санхүүгийн салбарын барьцаанаас ахмадуудаа чөлөөлөх алхмыг хийнэ
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос зохион байгуулдаг ээлжит уулзалтад УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал оролцож, нийслэлийн есөн дүүргийн 851 ахмадын төлөөлөлтэй уулзан санал бодол, тулгамдсан асуудлыг нь сонсож, ахмад настныг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Тэрбээр, ахмад настны тэтгэврийн хэмжээг бодитоор нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчны дарамт шахалт, хүнд суртлыг бууруулах, үнийн өсөлт, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтаас иргэдийг хамгаалах цогц бодлогыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгааг онцоллоо. Өөрийн эхлүүлсэн тэтгэврийн сангийн шинэчлэлийн хүрээнд ч төрийн болон хувийн тэтгэврийн сангийн аль алинаас тэтгэвэр хүртдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа аж.

Мөн, ахмадуудын хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МАН-ын дэргэд ахмадын хөдөлмөрийн бирж байгуулах, ахмадын зөвлөгөө, саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, тэдний туршлага, мэдлэгийг үнэлэн хамтран ажиллах чиглэлд бодит алхмууд хийж эхэлж буйгаа дурдлаа. Энэ хүрээнд ахмадын зөвлөх багуудыг салбар, орон нутгийн түвшинд бүрдүүлж, төрийн байгууллагуудын шийдвэр гаргалтад оролцуулах механизмыг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг онцлов.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал “Ахмадууд бол амьд туршлага, түүхийн гэрч, явдаг номын сан. Албан тушаалтнууд гадаад оронд туршлага судлахаар явахаасаа илүү ахмадуудтайгаа уулзаж, санал бодлыг нь сонсох ёстой. Ахмадынхаа үгийг бодлогод тусгах нь уламжлал дээр суурилсан шинэчлэлийн бодит хэрэгжилт” хэмээн онцолсон юм.
Уулзалтад оролцсон ахмадууд ч санал бодлоо илэрхийлж, ахмадын тэтгэврийн шинэчлэлийг үр дүнд хүргэх, ахмадыг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэх, албан тушаалтанд хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ахмад настанд чиглэсэн заалтуудыг ажил хэрэг болгоход дорвитой алхмуудыг үргэлжлүүлэн хийхийг санууллаа. Тэд мөн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эмийн үнийн өсөлт, тэтгэврийн зээлийн хүүгийн дарамт зэрэг бодит хүндрэлүүдийг хөндөж, эдгээрийг шийдвэрлэх цогц арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Тус уулзалтад нийслэлийн есөн дүүргийн ахмадын байгууллагын удирдлагууд, Социал демократ ахмадын холбооны гишүүд, ахмадын зөвлөлийн төлөөлөл оролцсон бөгөөд энэ нь УИХ-ын дарга, МАН-ын даргын хувиар Н.Учралын ахмадуудтай хийж буй хоёр дахь удаагийн уулзалт юм.

Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.