🔴М.Мандхай: “Сурагчийн үдийн хоол” хөтөлбөрийг бүх хүүхдүүдэд өгөхөд 600 тэрбум төгрөг шаардлагатай
УИХ-ын гишүүн М.Мандхай 2025 онд хэлэлцсэн хууль тогтоомж, 2026 онд хэлэлцэгдэх хууль тогтоомжуудын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Намрын чуулган амжилттай болж өнгөрсөн гэж дүгнэж байна. Миний хувьд жил хагасын хугацаанд хөдөө аж ахуйн салбарт зонхилон анхаарч, Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн Хөдөө аж ахуйн анхдагч хууль гэсэн хоёр хуулийг өргөн барьсан. Эдгээр хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжүүлээд, хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөж байна.
Бас Нийгмийн ажилтны тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Тамхины тухай хууль зэрэг бусад хуулийг дэмжиж, хамт өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлж, хаврын чуулганаар идэвхтэй батлуулах төлөвлөгөөтэй байна.
2026 онд ХАА-аас гадна хувийн туршлагынхаа хүрээнд бизнес, санхүүгийн чиглэлд анхаарч ажиллана. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, нийтийн өмчийн, төрийн өмчийн, засаглалын хуулиудыг дэмжинэ. Төр данхар биш, хувийн хэвшлийг дэмжиж, өрсөлдөөн, зах зээлийг тэлэх ёстой. 2026-2028 онд өмч хувьчлалын асуудал хөндөгдөнө. Одоогийн ТӨК-ууд бараг 24 тэрбум төгрөгийн өртэй, үр ашиггүй байгаа учраас оновчлох, хувьчлах ёстой. Гэхдээ өмнөх алдааг давтахгүй, иргэдийн хяналтад явуулах хэрэгтэй.
Өмнө нь өмч хувьчлал таван удаа хийгдэж, 2000 орчим компани хувьчлагдсан ч зарчим, үйл явц нь тодорхойгүй байдаг. Одоо зургаа дахь удаагийн өмч хувьчлал явагдах гэж байгаа учраас анхааралтай ажиллаж, нээлттэй мэдээлэл хуваалцаж, олон нийтийн саналыг авна.
2026 онд түүнчлэн даатгалын тогтолцоог шинэчлэхээр судалж явна. Даатгалын холбоодын төлөөлөлтэй тавдугаар сард уулзана. ХАА-д малын эмч нарын асуудал чухал. Тэд төрийн үйлчилгээ үзүүлдэг ч хөлсөө авч чадахгүй, жагсаал хийсэн. Мал эрүүл байвал хүнс эрүүл байна. Хүнсний хуульд өөрчлөлт оруулсан учраас малын эмч нартай уулзаж, зовлон жаргалыг нь ойлгож, зөв шийдвэр гаргахад анхаарна.
-Та хүүхдийн үдийн хоолны асуудлаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. “Сурагчийн үдийн хоол” хөтөлбөрт одоо 1-5 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж байгаа. Үүнд бүх хүүхэд хамрагдах боломжтой юу?
-Энэ бол Засгийн газраас өргөн барих хуулийн төсөл. Үдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдсан бөгөөд үе шаттайгаар бүх хүүхдийг хамруулах үндсэн зорилготой. 2023-2024 онд 6-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулах байсан ч дэд бүтэц, хүний нөөц, хөдөөгийн орчны асуудлаар хэрэгжээгүй.
Ид өсөж, оюуны хөгжил нь эрчимтэй явагдаж байгаа дунд, ахлах ангийн хүүхдүүд бол бидний хамгийн их анхаарах бүлэг. Үдийн хоолонд хамрагдсан хүүхдүүдийн бие бялдар, оюуны хөгжил сайжирч, сургуулийн хамрагдалт нэмэгддэг нь олон улсын судалгаагаар батлагдсан.
Өнөөдөр эдийн засаг хүнд, инфляц өссөн, эцэг эхчүүд хоол хүнсээ авч чадахгүй болсон. Хүүхдүүд өдөржин хичээлдээ өлсгөлөн сууна. Сүүлийн таван жилийн хоол тэжээлийн судалгаагаар хүүхдүүд түлхүү чихэр, жимс, газтай ундаагаар хооллож байгааг тогтоосон. Улмаар шим тэжээлийн дутагдал нэмэгдэж, харин таргалалт буураагүй. Тэгвэл улсаас эрүүл хойч үе бий болгохын тулд шим тэжээлтэй, илчлэг сайтай үдийн хоол өгөх ёстой.
Судалгаа хийгдэж, салбар яамдууд хоорондоо ярилцаж, Сангийн яамтай төсвийн асуудлыг шийдэж байна. 2026 онд бүх сурагчийг хамруулахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Сургуулиуд гал тогоо, тогоочтой байх ёстой. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувийн хэвшлийн ААН-тай гэрээ хийж, хоол бэлдэж хүргэх зохицуулалт хийх боломжтой. Их Хурлын түвшинд ажлын хэсэг байгуулж, эмэгтэй гишүүдтэй хамтарч ажиллана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.