Дэлхийн загварын "Сүүлчийн эзэн хаан" Валентино Гаравани 93 насандаа таалал төгслөө
Италийн алдарт загвар зохион бүтээгч, дэлхийн загварын ертөнцийн "Сүүлчийн эзэн хаан" хэмээн өргөмжлөгддөг Валентино Гаравани 2026 оны нэгдүгээр сарын 19-ний даваа гарагт 93 насандаа таалал төгслөө.
Түүнийг Ром хот дахь гэртээ, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд амар тайван нойрссон болохыг "Валентино Гаравани ба Жанкарло Жиамметти" сангаас албан ёсоор баталгаажуулсан байна. Тус сангаас гаргасан мэдэгдэлд түүнийг "Байнгын хөтөч, урам зориг", мөн "Гэрэл гэгээ, бүтээлч байдал, алсын харааны эх ундарга" байсан хэмээн дурсжээ.
Талийгаачтай салах ёс гүйцэтгэх албан ёсны үйл ажиллагааны хуваарь хэдийнэ гарчээ. Олон нийт болон хүндэт зочид түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол нэгдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Ром хотын Пьяцца Миньянелли 23 дахь сангийн төв байранд 11:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Харин оршуулгын ёслол баасан гараг буюу нэгдүгээр сарын 23-ны өглөөний 11:00 цагт Ромын Пьяцца делла Република дахь Санта Мария дегли Анжели е деи Мартири сүмд болохоор товлогдсон байна.
Валентино Гаравани бол XX болон XXI зууны загварын чиг хандлагыг тодорхойлж, хагас зуун жилийн турш тансаг зэрэглэлийн хувцас загварын бэлгэ тэмдэг байсан эрхэм юм. Тэрбээр өөрийн нэрийн хуудас болсон "Валентино улаан" өнгөөрөө алдаршсан бөгөөд энэ нь час улаан болон хүрэн улаан өнгийн төгс зохицол болдгоороо онцлогтой. Энэхүү өвөрмөц өнгө нь загварын ертөнцөд хэдийнэ домог болж, "Pantone" өнгөний системд албан ёсоор бүртгэгдсэн байдаг нь түүний бүтээлч сэтгэлгээний цар хүрээг илтгэнэ.

Түүний урласан даашинзуудыг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд өмсөж, "Валын бүсгүйчүүд" хэмээн нэрлэгддэг байв. Тухайлбал, Жаклин Кеннеди Онассис 1968 онд Аристотель Онассистай гэрлэхдээ түүний урласан хуримын даашинзыг өмсөж байсан түүхтэй. Мөн Элизабет Тейлор, Одри Хепберн, Диана гүнж зэрэг түүхэн хүмүүсээс гадна Жулиа Робертс, Женнифер Лопес зэрэг орчин цагийн одод түүний үнэнч хэрэглэгчид байсан юм. 1959 онд Ромд загварын ордноо үүсгэн байгуулсан тэрээр 2008 онд Парист бүх загвар өмсөгчид улаан даашинзтай алхсан сүүлчийн шоугаараа карьераа өндөрлүүлж байжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони түүнийг "Загварын маргаангүй мастер", "Италийн өндөр загварын мөнхийн бэлгэ тэмдэг" хэмээн хүндэтгэл үзүүлжээ. Валентиногийн таалал төгссөн явдал нь 2025 оны сүүлээр өөр нэгэн домог Жоржио Арманиг алдсаны дараахан тохиож байгаа нь орчин үеийн тансаг зэрэглэлийн загварын "алтан үе"-ийн төгсгөлийг илтгэж байна. Түүний үлдээсэн өв, бүтээлч алсын хараа нь ирээдүйн загвар зохион бүтээгчдэд шавхагдашгүй урам зориг, гэрэл гэгээ болсоор байх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.