Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх Б.Эрдэнэсүхийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1328 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 864 хэрэг шинээр нээж, 92 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Д.Г, Х.Т гадаад улсын иргэн Ш.Т нар нь караоке ажиллуулахдаа үргэлжилсэн үйлдлээр охид эмэгтэйчүүдийг гадаад улсын иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх зэрэг ажил хийлгэх замаар биеэ үнэлэхийг санал болгож, зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.Э нь гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- М.Э нар нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, буцаан өгнө хэмээн хуурч мэхлэх замаар нэр бүхий иргэнээс нийт 23,8 сая төгрөг авч залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- У.А нь гадаад улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй 30.4 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг нэр бүхий иргэний нэр дээр ачаанд багтаан хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Ө.Е нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан 546 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн хадгалсан хэрэгт Эрүүгийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
- Б.Л, Ш.Ш нар нь цахим орчинд “Sporty.mng”, “Zayaahan”, “Azzy des”, “Selenge Seke”, “Suni S Boutique”, “Good chois” “mnm334455” гэх хаягуудыг үүсгэн “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3,1 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1, 2.2 3.1 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Н.М нь бусадтай бүлэглэн нэр бүхий иргэний эзэмших эрхэд халдаж, түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэн заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1,2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.