УИХ-ын дарга Н.Учрал: Монголбанкны алдааг нь оношилж, данхар бүтцийг нь танана

УИХ-ын дарга Н.Учрал: Монголбанкны алдааг нь оношилж, данхар бүтцийг нь танана

УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч нартай уулзав.

УИХ-ын дарга Н.Учрал:

-УИХ хууль батлахаас гадна хууль хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Улсын аудит бол үүнд хамтран ажиллах үүрэгтэй юм. Өнгөрсөн долоо хоногт аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзахад инфляцыг хэрхэн бууруулах, иргэдэд хүндээр тусаад байгаа үнийн хөөргөдлөөс хэрхэн сэргийлэх зэрэгт УИХ-ын тогтоол гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Үнийн хөөргөдөл дээр цогц арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Үүнд Монголбанк тодорхой үүрэгтэй. Мөнгөний бодлого өөрөө "бодлогын мөнгө" болчихоод байна.

Бараг 10 их наядын алдагдалтай, хэдхэн жилийн өмнө 400 орчим хүнтэй ажиллаж болоод байсан бол өнөөдөр орон тоо улам нэмэгдсэн. Мөнгө хэвлэсэн зэрэг хариуцлага алдсан байна. Хэмнэлтийн хуулийг баталсан. Хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг байхад нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Дөнгөж ажлаа авсан С.Наранцогт даргыг Ерөнхий аудитортой хамтад нь уриад өнөөдөр дуудаж уулзаж байгаа нь хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, бүтцээ хумь. Чиг үүргийн давхардлыг арилга. С.Наранцогт дарга өөрөө Ерөнхий аудиторт хүсэлт гаргаарай. Улсын Ерөнхий аудитор шалга. Мөнгө төгрөг хэвлээд тавьчихсан бол шалгах хэрэгтэй. Аудитын дүгнэлттэй би танилцана.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-УИХ-ын даргын өгсөн үүрэг чиглэлийг ойлголоо. Томилогдсон сарын хугацаанд хоёр ажлыг зорьж эхлүүлсний нэг нь инфляцын өсөлтөд дүн шинжилгээ хийж байна. Мөн дунд хугацаанд буюу 4-5 жилд ямар ажил хийвэл энэ бүхнийг шийдвэрлэж чадах вэ. Банк яаж цомхон ажиллавал болох вэ гэдэг дээр ажлуудыг эхлүүлсэн. Томилгооны сонсголын үеэр 700 гаруй албан хаагчидтай байгааг шүүмжлэн хэлсэн. Иймээс сайн туршлагыг судлаж, зөв бүтцийг гаргаж ирж байгаа. Ажил үүргийн давхцлыг арилгуулахад олон улсын сайн туршлагатай компанийг ажиллуулж, аудит үүн дээр мөн чиг гаргаж өгөх байх. Хаврын чуулган эхлэхэд бид шаардлагатай хуулийн төслүүдийг өргөн барьчих гэж бодож байна.

Улсын ерөнхий Аудитор С.Магнайсүрэн:

-2025 оны 12-р сарын 10-нд энэ оны аудитын сэдвээ батлуулсан. Хуулийн дагуу хийх 16 сэдэвтэй байгаа. Нийтдээ 52 сэдвийн хүрээнд 2026 оныхоо ажлыг төлөвлөсөн. Шаардлагатай ажлын хэсгүүдэд дэмжлэг үзүүлээд ажиллах боломжтой. Шаардлагатай тохиолдолд аудит хийх бүрэн эрхтэй. С.Наранцогт дарга хүсэлтээ гаргавал бид аудитыг богино хугацаанд, яаралтай хийж гүйцэтгэх боломж бий. 2025-2030 он хүртэлх төлөвлөгөөгөө гаргасан. 40 гаруй дарга нэртэй албан тушаалтан байсныг 32 болгож бууруулсан байгаа. 2026 оныг Аудитын үр нөлөөг үнэлж, дүгнэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.