Цэнхэр хязгаарын билиг авьяастан Б.Норов

Цэнхэр хязгаарын билиг авьяастан Б.Норов

Үг холбож шүлэг тэрлэж, үзэг барьж зохиол туурвиж, мэргэн үгийг билиг оюунаасаа уудалж, билиг танхай авьяасаараа хүн ардынхаа бодол сэтгэлийг сүлсэн Монголын зохиолчдын эвлэлийн 19 дүгээр чуулгандаа оролцохоор уул усны диваажин Увсын цэнхэр хязгаар нутгаас Соёлын гавьяат зүтгэлтэн Бэлэгийн Норов гуай хол замыг ажралгүй хосгүй сайхан сэтгэлийг өвөрлөн ирсэн байхтай бид учран золгож, “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочин хойморт урьсан нь энэ билээ.

“Би ээжээсээ нэг удаа намайг хэн эх барьж авсан юм бэ гэж асуутал “Чи түүгээр яах нь вэ” гэж билээ. Одоо бодох нь аавыгаа хэлэхээс эмзэглэсэн болов уу гэж харддаг юм. Манай нагац аавыг Гарам гэдэг. Хошуу ноёны тусгай зөвшөөрөлтэй олон хүүхэд эх барьж авсан хүн байж. Тулгар биетэй ээж минь зуслан руугаа нүүдэл хийж явахдаа Бугатын хөндий хэмээх газар үдэлжээ. Ингэхдээ хий юм харан ухаан алдахад нагац аав Шорт бууринд нүүлгэн ирж би төрсөн байдаг” гэж хүний хорвоод хүй тасалж төрсөн түүхээс нь бидний яриа эхлэв.

Түүний мэндэлсэн Шорт буйр хэмээх газар нь Баядын зартай шилийн сайн эр Арвайг гадсанд тэлж байгаад цохиж алсан газар бөгөөд хожим нутгийнхан ийн нэрлэжээ. Харин энэ буйр дээр 1938 оны намрын тэргүүн сарын шинийн 13 буюу наймдугаар сарын 20-ны өдөр Бэлэгийн ууган хөвүүн мэндэлсэн нь манай нийтлэлийн баатар Б.Норов гуай юм. Бэлэгийнх ихэр мэт төрсөн хоёр хүүтэй.

“Сүүгээ хөөрүүлсэн айл тогоогоо хусахад хар эрчээрээ гүйж очоод гурван хурууны чимх хусам идэхэд цадаж байгаа мэт санагддаг байлаа. Хүн өсөхдөө өлсөж сурах хэрэгтэй. Өлсөж, даарч сурсан монгол хүний бие чанга, чийрэг, аливааг ажрахгүй давах дархлаатай болдог. Би 24 насандаа бууз гэх хоолыг анх удаа идэж үзэж байлаа шүү дээ” гэж элбэг хангалуун биш ч эгэл даруухан зөв хүн болж өссөөр, жил улирал ээлжилсээр. Аав нь Ховд аймагт таван жил цэргийн алба хааж  ирээд сумын орлогч дарга болж, Бэлэгийнх төвийн айл болов. Сэргэлэн цовоогийн сацуу эрдэм номд “хэнхэг” тэрээр аавыгаа дагаж явахдаа монгол бичиг болон кирилл үсгээр уншиж сураад зургаан настайдаа хичээлийн ширээний ард сурагч болон сууж, 14 хүртэлх насны хүүхдүүдтэй нэг ангийнхан болж байсан гэдэг. Нэгдүгээр ангидаа онц сураад хоёр хүүхэд анги дэвшиж байсны нэг нь Төрийн шагналт, Биокомбинатын малын их эмч Б.Баатар аж. Ингээд дөрөвдүгээр ангид ортол зарим охид их том гэдэстэй байж гэнэ. Гайхаад “Энэ ямар тарган охин бэ” гэтэл жирэмсэн байж. Тэгж нэг онигоонд орж билээ гэж тэрээр инээнэ. Ярих тусам нь үг нь ундарч, нүүрэнд нь мишээл тодрох түүний баялаг амьдрал улам сонирхол татсаар. Мөн тэрээр бага насны энэ түүхээр “Ээжийн хөтөлсөн буга” нэртэй ном бичээд хэвлэлтээс гарахыг нь хүлээж байгаа аж.

“Бичих дуртай хүн чинь түүндээ донтдог юм билээ”

Бэлэг гуай сумын орлогч даргын албаас Хэсгийн шүүхийн нарийн бичиг хийж байгаад нэгдэл байгуулахаар хөдөө гарав. Онц сурлагатан Б.Норовыг аймгийн сургууль руу явуулах гэтэл ээж нь “Би хоёр хүүхдээ салгаж, хоёр газар өсгөхгүй” гээд цөм хөдөө гарав. 1944 оны тэр үед улаанбурхан өвчнөөр нэг суманд зургаан хүүхэд нас барж байсан тул бага балчир хүүгээ яаж хол явуулж чадах билээ. “Би малчин болоод хангал морь унадаг, айлын хар бор ажилд тусалдаг байв” гэж ярих түүний бичгийн хэвийг сумын төвөөс мал тооллогоор ирсэн хүн гайхан магтаад буцаж гэнэ. Ийнхүү тэр хүн сумын захиргаанд хэл дуулгаж, эмнэг хангал сургаж явсан 15 настай хүү сумын бичээч, галчаар ажилд орсон байна. “100 төгрөгийн цалинтай. Зургаан контор галлана. Айл дамжиж байрлаад ихэнхдээ модоо хагалаад хононо. Хортой цаасаар бичнэ. Тавдугаар хуудаснаас цааш хор нь гүйцэд гарахгүй. Нэг бичгийг хоёр дахиж бичнэ дээ. Хоёр сар болоод 200 төгрөгийн цалин авлаа. Их мөнгө барьж үзээгүй хүүхэд чинь цээж дүүрээд болдоггүй. Хүний морь гуйж унаад аав ээж дээрээ 30-аад километр давхиж очоод татвараа төлсөн 170 төгрөг гаргаж өглөө. Манайд  байсан хөгшчүүд аав, ээж бүгд магтлаа. Орой буцахад ээж “хөгшин боов” гэж нэрлэгдэг боорцгоо хийж өгсөнгүй гэж гомдоод уйлж билээ.

Галч, бичээчээс эхэлсэн ажлын гараагаа сумын эвлэлийн үүрийн даргаар 17 насандаа ахиулав. “Манай гишүүд хоёроос гурван хүүхэдтэй цөм надаас ах, гуч хүрсэн хүмүүс байлаа. Хүний ёс зүй, харилцаа гэж их сонин зүйл шүү. Тэдний нэг нь ч миний өөдөөс үг хэлж үзээгүй. 20 ч хүрээгүй хүүхдийн үгнээс гардаггүй байж билээ” гэдэг үгнээс тэр үеийн хүмүүсийн ажилдаа хариуцлагатай, албандаа ёс зүйтэй ханддаг байсан нь илхэн харагдана. Тэрээр энэ албаа гурван жил хашаад байж байтал хожмын химийн ухааны доктор Б.Лхайжав Улаанбаатар хотод хурдан ирэхийг хүсэж, сургуульд оруулна гэжээ. Ийнхүү 260 төгрөгөөр Улаангомоос Улаанбаатар орох унаанд суугаад зургаа хоноод долоодугаар сарын 10-ны орой нийслэл хотод ирэв. “Гэтэл долоодугаар ангийг онц төгссөн гэрчилгээ хийчихсэн байна. Үүнийг бариад дуртай сургууль дээрээ оч гэхээр нь явж байгаад Санхүү эдийн засгийн техникумын үйлдвэрийн  нягтлан бодогчийн ангид оров. 27 хүүхдийн 19 нь эрэгтэй байсан санагдана. Намар хичээл эхэлтэл ангийн багш Мядаг онц сурлагатай нь ангийн дарга болно гээд намайг сонгочихлоо. Химийн Нүдэнхүү багш орж ирээд “Ангийн дарга Б.Норов хүхрийн томьёо бич” гэхээр нь “Манайд химийн хичээл заадаггүй байсан” гэж худлаа ярьж суугаад ингэж болохгүй гээд өөрөө хичээлээ нөхөж судалсан. Ингээд хагас жилээр химийн хичээл дээрээ онц гарч байлаа” гэж ярих нь хүн биеэ дайчилж сурч чадвал боломжгүй зүйл үгүй гэдгийг залуу үедээ ойлгуулах мэт. Ийнхүү дөрвөн жил сураад Увс аймгийн Хүнсний үйлдвэрт тооцооны нягтлан бодогчийн 400 төгрөгийн цалинтай ажилд томилогджээ. Гэтэл эвлэлийн хороон дарга нь 650 төгрөгийн ажил санал болгоод тэнд хоёр жил ажиллав. Энэ хугацаанд аймгийн сонинд арваад нийтлэл бичвэр хэвлүүлсэн байв.

Багаасаа бичиг номын хорхойтон байсан тэрээр бичих их дуртай. “Хүн юм бичихээр түүндээ донтдог юм билээ. Аймгийн үзэл суртлаар ирсэн дарга нар намайг сонинд ажиллуулахаар болов. Гэтэл манай эвлэлийн хороон нэг дарга “Ертөнцийн мунхаг хүн чи байна. Хүн цалингаа дээшлүүлэх ажилд ордог байтал чам шиг 200 төгрөгөөр буурах ажилд ордог юм уу” гэж билээ” гээд инээнэ. Дуртай зүйлээ хийх нь тоолж авах цалингаас чухал гэдгийг энэ түүхээрээ өгүүлнэ. Ийнхүү тэрээр Увс аймгийн “Тэргүүний малчин” сонинд тасралтгүй бүтээл туурвилаа бичжээ. Ингэхдээ сэтгүүлчийн 90 хоногийн курст сууж мэргэжлийн үнэмлэх авсан байна.

40 орчим номтой, 40 гаруй шавьтай эрхэм

7 %D0%B91

Бичих их үйлсийнхээ хажуугаар гурван жил Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргаар гурван жил ажиллаж байв.  Энэ хугацаанд төсөв хэмнэн ажиллаж, хэмнэсэн төсвөөрөө жүжигчин, цэвэрлэгч, найруулагч гээд бүгдийг нь тэнцүүхэн 100 төгрөгөөр шагнах тушаал баталсан байтал хураагаад авчиж. Түүний үг ярианаас л хэтэрхий шударга нэгэн гэдэг нь мэдэгдэнэ. Ингээд буцаад бичих үйлс рүүгээ орж “Ардын эрх” сонины орон нутаг дахь сурвалжлагчаар 1994 он хүртэл ажиллажээ. Түүнчлэн аймгийн утга зохиолын салбарыг 2016 он хүртэл 60-аад жил удирдахдаа нэг гавьяат, Д.Нацагдоржийн нэрэмжит гурван зохиолч тэргүүтэй 40 гаруй шавийг төрүүлж, 40 орчим ном бичсэн байна. Өдгөө “Бар жилийн зүүд”, “Тэнгэрт өршөөгдөхүй”, “Ээжийн хөтөлсөн буга” номууд нь хэвлэгдэхэд бэлэн болоод байна. Бичих үйлийн төлөө зүрх сэтгэл нь цохилсоор өдий хүрсэн тэрээр энэ үйлээ л таслахгүй хичээдэг гэнэ.

Түүний бодлоор сэтгүүлч болоход мэргэжилдээ дуртай хийгээд амьдралын өргөн мэдлэгтэй байх гэсэн хоёр үндсэн шалгуур байгаа аж. “Ухаантай хариулт хүсвэл ухаантай асуулт асуу гэж мэргэдийн үг бий. Мэдэхгүй байсан ч мэддэг юм шиг асуух хэрэгтэй. Мэргэжлээр нь сурахгүй ч сурвалжилга хийх гэж байгаа хүн, салбарынхаа талаар судлах хэрэгтэй. Би Ховд аймгийн Дарви сумын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын орлогч дарга, Төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэл гэж хүнтэй аймгийн дарга нарын урилгаар Хөдөлмөрийн баатар болох хүнийг судлуулахаар хөдөө хамт явсан юм. Тэгэхэд тэр хүн “Сэтгүүлчид гэдэг бидний замын чулууг түүж, тэгшилж яваа хүмүүс  юм шүү” гэж билээ. Сэтгүүлч хүний нийгмийн үүрэг өндөр тул ухаантай, авьяастай, шулмын ч амнаас үг унагадаг, зоригтой байх хэрэгтэй. Мэдээ, ярилцлага, нийтлэл бүгдийг бичиж чаддаг байх ёстой. Бичих тусам даддаг юм даа” гэв. Ийнхүү тэд Хөдөлмөрийн баатар тодорхойлохоор зургаан сумаар явахад Зүүнговь сумын Цэвээн гэх хүнийг л энэ цолонд тохирно гэж шалгаруулж байжээ. Хөдөлмөрийн баатар Цэвээний тухай Б.Норов гуай “Алтан говийн хүү” гэж хөрөг нийтлэл бичиж Хөдөлмөр сонинд нийтлүүлж, 700 төгрөгөөр шагнуулж байв. Цэвээн гуай тун дуу цөөтэй хүн байсан тул амыг нь уудалж байж тэр нийтлэлийг бичсэн гэдэг. Удаагаар нь “Монгол хүн морин дээр мэндэлжээ” зэрэг олон нийтэл бичиж тэдгээр нь маргаан дагуулав. Тэр бүр өөрийн зоригтой, ухаалаг үгс болон сэтгүүлчийн ур чадвар, баримт нотолгоогоор мултарч байжээ. Энэ тухайд “Сэтгүүлч хүн аливаа бичвэрээ хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Баримтынхаа гуравны нэгийг эхлээд дэлгэ. Асуудал дэгдвэл дахиад 30 хувиа дэлгэ. Бүүр болохгүй бол үлдсэн 30 хувиа гарга гэдэг” хэмээн туршлагаасаа хуваалцана.

Гал голомтоо бадраасан өргөөндөө 63 жил амьдарч байна

7 a2

Б.Норов гуайн аав Бэлэгийн өвөө Жигжид гэж нутаг хошуундаа алдартай бэлэн сэцэн үгтэй энгийн ард байж. Тиймдээ ч “Жигжид шээсэн газар гурван жил ногоо” ургадаггүй гэж хорон үгтэй гэдгийг нь илтгэсэн хэллэг гарсан байж. Харин Б.Норов гуайн ээж Хяргас сумын хүн. Нэрийг нь Цэзэн гэнэ. Хүү Б.Норов нь амьдрал зохиож эхнэр автал гэргийнх нь нэр мөн Г.Цэзэн байв. Түүнчлэн тэдний хамаатны бэрийг мөн Цэзэн гэдэг бөгөөд энэ нь  Манжийн Энх Амгалан хааны зургаадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжийн нэр байсан тухай нийтлэлийн баатар маань хуваалцсан юм.

Санхүү эдийн засгийн техникумд Увс аймгийн дөрвөн хүүхэд нэг ангид сурч байжээ. Тэдний нэг нь Б.Норов гуайн хожмын хадам ах Г.Алтан аж. Ангийн нөхөдтэйгөө Улаанбаатар зочид буудал ортол жижигхэн бор охин үнэгүй хоол өгөөд байна гэнэ. Тухайн үедээ анзаарсан ч үгүй. Ингээд аймагтаа ажиллаж байтал ангийнх нь найз Алтан Улаанбаатар явж дүүгээ авчрах болтол нөгөө үнэгүй хоол өгөөд байсан охин байв. Цаг агаарын байдлаас аймгаас Баруунтуруун явах онгоц сар хүлээгдээд очих газаргүй тул залуу бүсгүй ахынхаа найз Б.Норовынд байрлав. Ингэж танилцсан залуус гурван хүү, гурван охины эцэг эх болжээ. Охид нь эмэгтэйчүүдийн хүний их эмч, синхрон орчуулагч, эдийн засагч мэргэжлийг эзэмшиж салбартаа манлайлж явна. Харин хөвгүүд нь төмөр зам болон тагнуулын байгууллагад ажиллаж байна. “Нэг хүү маань Москвад хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Дорноговьд ажиллаж байхдаа хүнд хорлогдож нас барсан. Хүүхдүүд минь бүгд гэр бүлтэй, хөдөлмөрч хичээнгүй сайхан хүмүүс болсон. Эмч охин маань 700 гаруй хүүхэд их барьж, 180 гаруй эхийг хийсвэрээр төрүүлсэн олон хүний хүйн ээж. Би охиноо “Өвөг дээдсийнх нь онцгой авьяас миний охинд өвлөгдсөн” гэж зоригжуулдаг байлаа” хэмээсэн юм.

1963 онд сургуулиа төгсөөд аймагтаа очиход Хятадын санхүүжилтээр 12 айлын гурван нийтийн орон сууц барьсан байв. Эсгий туургатай монгол гэртээ өсөж торнисон монголчууд “Төмөрөөр халдаг ямар юм байдаг юм” гээд ордоггүй гэнэ. Ингээд тэрээр нэг сургууль төгссөн үеийн залуутайгаа нэг байранд оров. Удалгүй найз нь гэр бүл зохиож тусдаа гараад өдгөө зургаан байр сольсон байна. Харин Б.Норов гуай тэр байрандаа 63 жил тасралтгүй амьдарч байна. “Миний анх тусдаа гарч гал голомтоо бадрааж, ханьтай болж, зургаан хүүхдээ өсгөсөн миний амьдралын түүх шингэсэн хишиг буянтай газар. Хүүхдүүд маань ааваа байраа сольё гэхээр нь “Намайг үхэхээр шалан доор нь оршуулаад ханан дээр нь Б.Норов хэдээс хэдэн он гээд бичээрэй” гэсэн юм. Түүнээс хойш шинэ байрны тухай юм яриагүй” гээд инээж байв. Нэг хэсэг оросууд их амьдарч ганцхан монгол айл үлдсэн нь мөн л Б.Норов гуайнх байв. Тэр гурван жилийн хугацаанд орос хэлийг төрөлх хэл шигээ  сурчээ.

Би 88-хан настай аз жаргалтай хүн

7 a3

Энэ хорвоод хүн болж төрнө гэдэг ертөнцийн хамгийн гайхамшигтай зүйл. Л.Түдэв гуайн “Хүн бол дэлхийн эзэн” гэж үг байдаг юм. Би түүнийх нь доор “Хүний эзэн оюун ухаан” гэж бичсэн байдаг юм. Хүнийг байгаагаар нь хүлээж авч  хайрласан хүн үргэлж азтай, гэрэл гэгээтэй явдаг. “Миний нэр бурхны нэр, миний гэр бурхны өргөө, миний зүрх сэтгэл өөрөө бурхан юм” гэж гурван мөр шүлэгтэй хүн би. Бурхан бол энэрэх ганцхан зорилготой нэр томьёо. Бурхныг хүмүүс зөн совин, оюун ухаан, амьдралын туршлагаараа бий болгосон хиймэл дүр болохоос үг хэлдэг бодит бурхан гэж үгүй шүү дээ. Тиймээс хүн бүрийн зүрх сэтгэлд бурхан оршиж байдаг. Ер нь энэрэнгүй, ариун гэгээн сэтгэл хүнийг авч явдаг” гэх үг нь нэгийг бодууштай.

Одоогоос 15 жилийн өмнө Ховд аймагт баруун таван аймгийн 80 гаруй сэтгүүлчдэд сургалт зохион байгуулахад Говь-Алтайн Ш.Цоодол гэх залуу “Гарын үсэг цуглуулж, Б.Норов ахад гавьяат цол олгоно” гэхэд сэтгүүлчдээс гадна олон хүн гарын үсэг зуржээ. Гэтэл үүний дараахан газар дээрх ганц дүү нь шарлаад комд орсон мэдээг дуулаад Сэлэнгэ аймаг руу дүүтэйгээ уулзахаар хүлгийн жолоо залав. Нутгийнхан тэднийг ихэр юм шиг төрсөн гэдэг аж. “Бид хоёр бие бие лүүгээ муухай ч харж үзээгүй. Миний дүү мал маллах ухааныг гойд эзэмшсэн улсын аварга малчин байсан. 13 хүүхдийнх нь 12 нь амьд сэрүүн байна. Нэг нь хүний их эмч. Бусад нь бүгд малчин. 2011 оны аравдугаар сарын 28-ны орой хүүтэйгээ хамт дүү дээрээ очихоор вагонд суухаар явж байлаа. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас яриад “Танд Соёлын гавьяат зүтгэлтэн олгохоор боллоо. Ерөнхийлөгч сая гарын үсэг зурлаа. Та нөгөөдөр ирж шагналаа аваарай гэнэ. Эхээс хоёулаа болохоор дүү маань бодогдоод байлаа. Хүү яах уу гэнэ. Би үнэхээр яахаа мэдэхгүй байлаа. Ингээд 30-нд шагналаа аваад шууд дүү дээрээ очсон. Дүүтэйгээ уулзлаа. Учир явдлаа хэллээ. Он гараад нэгдүгээр сарын нэгэнд дүү минь “Бүх юм сайхан болно оо” гэж хэлээд бурхан болсон.

Төрийн дээд шагнал авсан хүн цай барьдаг ёс бий. Энэ жишгээр Б.Норов гуай нутагтаа очоод цай уулгахаар 140 хүнийг урьтал 260-аад хүн иржээ. Түүний дотор арван орос хүн байсан гэнэ. Ингээд ирсэн зочдодоо цөм тувагийн улаан эрээн шаазангаар дүүрэн хорин дөрвийн чихэр өгч, алгыг нь дээш харуулаад гаргасан гэдэг.

Би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг байжээ гэдгээ одоо мэдэж байна. Миний нэг зээ охин арванхоёрдугаар ангиа төгсөөд тэтгэлгээр гадаадад сурах гэж байна. Тэр маань “Өвөөг үхэхээр намайг хэн эрхлүүлэх юм” гэж хэлээд ээжийгээ уйлуулсан байдаг юм. Би төрсөн өдрийн баяр гэж ерөөсөө мэддэггүй байлаа. Тэр охин маань сүүлийн гурван жил өвөөгийн төрсөн өдөр гэж их гоё тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн. Хүүхдийг зөв эрхлүүлэхээр улам ухаантай л болж өсдөг юм байна. Нэг буриад хүн “Монголчууд хүүхдээ өглөө эрхлүүлээд орой нь загнадаг” гэж  надад хэлсэн. Аз жаргалын үнэ цэнийг хүн насны эцэст мэддэг юм байна. Би хүнд атаархаж үзээгүй. Дотно найз маань намайг гурван удаа матаж байлаа. Би гомдож үзээгүй. Энэ амьдралын надад өгсөн хамгийн том бэлэг үр хүүхэд байлаа. Би 88-хан настай аз жаргалтай хүн.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 11 (7753)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.