Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга асан Я.Сумхүүд хоёр жил хорих ял оноожээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга асан Я.Сумхүүд хоёр жил хорих ял оноожээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны даргаар 2024 оны аравдугаар сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд ажиллаж байсан, “Сонголт дизайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Сумхүүд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг албан тушаалаа ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2025 оны хоёрдугаар сараас шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал, Я.Сумхүү нь гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Сонголт дизайн” компанийнхаа ажилтан Д.Урангоог төслийн менежер, Ц.Урангоог график дизайнер, Б.Моломыг ус хангамжийн инженер, М.Одбаярыг инженер гэх албан тушаалд томилон тэдний данс руу 2024 оны аравдугаар сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд 69.8 сая гаруй төгрөг шилжүүлсэн. Улмаар тэднээс буцаан авч хувьдаа завшсан хэрэгт холбогдсон юм.

Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Уг нь “Сонголт дизайн” ХХК-ийн есөн ажилтныг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргаанд ажилд томилон татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэмээн АТГ-т анх шалгасан байдаг. Гэрчээр мэдүүлэг өгсөн дээрх захиргааны ажилтнууд ч “Есөн хүнийг ажилд томилсон. Тэд цагийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй” хэмээсэн юм билээ.

Харин Я.Сумхүү “Нэр дурдсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан” хэмээсэн ч инженерээр ажилласан гэх М.Одбаярыгаа “Ямар ажил хийснийг мэдэхгүй” хэмээн шүүхийн танхимд мэдүүлж байв. Нэр дурдсан дөрвөн хүнийг сард 4-4.5 сая төгрөгөөр цалинжуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтаар тодорхой болсон юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ уг хэргийг өнгөрсөн долоо хоногт хянан хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч Я.Сумхүү, түүний өмгөөлөгч нар хохирол, төлбөр төлөхийн тулд хурлыг таван хоногоор завсарлуулах хүсэлтэйгээ илэрхийлснийг шүүгч хүлээн авсан. Уг завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох хурлыг нь үргэлжлүүлэн хийв. Энэ үеэр тэрбээр учруулсан хохирлоо төлсөн баримтаа шүүхэд гаргаж өглөө.

Ингээд шүүхээс Я.Сумхүүгийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, хоёр жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Д.Урангоо, Ц.Урангоо, Б.Молом нараас хураан авч, АТГ-ын хохирол, төлбөрийн дансанд хадгалж байгаа 10 гаруй сая төгрөгийг өнөөгийн “20 минутын хот” үндэсний хорооны дансанд шилжүүлэхийг даалгасан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.