Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна

Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд шагналаа гардсаныхаа дараа бүтээлийнхээ тухай сэтгэгдлээ ийн хуваалцав.

Байгалийн баялгийн зохистой ашиглалтад иргэдийн оролцоо, хариуцлага илүү чухал гэдгийг ойлгосон

Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн: Энэхүү эсээ уралдааныхаа сэдвийг нь сонсоод Монгол Улсын баялгийн хуваарилалт, зохицуулалт, бусад улс орнуудын туршлага зэрэг асуудлаар чамгүй их судалгаа хийх шаардлагатай болсон. Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийнхээ боловсролд зориулбал урт хугацаанд илүү үр өгөөжтэй байх нь гэсэн дүгнэлтэд хүрээд, эсээндээ энэ санаагаа тусгасан. Мөн байгалийн баялгийн зохистой ашиглалт нь зөвхөн төрийн үүрэг, оролцоо гэхээс илүүтэй иргэдийн оролцоо, хариуцлага илүү чухал байдаг гэдгийг маш сайн ойлгож авсан.

 

Үндсэн хуульд байгалийн баялгийн талаар тунхаглаад зогсохгүй, иргэдийг энэ талын мэдээллээр ил тод хангах ёстой гэсэн заалт хүртэл байдаг

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ: Байгалийн баялаг гэж хүмүүс их ярьдаг. Миний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдгаа эргэцүүлж байгаагүй юм билээ. Тиймээс эл сэдвийн тухайд нийгэм, хүмүүс ямар байр суурьтай байгаа талаар судалсан. Эндээс иргэдийн олонх байгалийн баялгийг ашиглах асуудалд сөрөг байр суурьтай юм уу даа гэдэг нь ажиглагдсан. Иймд байгалийн баялгийг хэрхэн зөв ашиглах талаар төр зөвхөн бодлого боловсруулж хэрэгжүүлээд, хувийн хэвшил нь хариуцлагатай хандаад зогсохгүй, иргэдэд ил тод, нээлтэй мэдээлэл түгээх, асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй санагдсан. Энэхүү шинжлэх ухаанч мэдлэгийг боловсролоор дамжуулж хэрхэн, яаж олгож болох вэ гэдгийг эсээндээ илүү тусгаж өгсөн. Үндсэн хуульд байгалийн баялгийн талаар тунхаглаад зогсохгүй, иргэдийг энэ талын мэдээллээр ил тод хангах ёстой гэдэг заалт хүртэл байдаг. Иймээс бид Үндсэн хуулиа судалж, мэдэх хэрэгтэй байна.

 

Хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайн талаарх харьцуулалтыг  эсээндээ тусгасан

ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан: Миний бичсэн эсээний агуулга Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд үндэслээд хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайн талаарх харьцуулалт хийсэн баримтаа тусгасан. Улмаар байгалийн баялгаа зөв зохистой ашигласнаар ямар ашигтай байх вэ, эсрэгээрээ байгалиа сүйтгэж, нөхөн сэргээхгүй байснаар ямар үр дагаварт хүрэх талаар хөндөн бичсэн. Үүний шийдэл нь уул уурхайн баялгийг ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон асуудлыг иргэд төрд нэн даруй мэдэгддэг болох нь чухал байгаа юм. Залуус бид, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд эергээр нөлөөлж, ирээдүйг авч явах хамгийн том түүчээ учраас Үндсэн хуулиа заавал судалж, мэдэх ёстой юм байна.

639b8c49044b428791d1291c6fd87a9b?d=0

 

Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт илүү зарцуулах ёстой

Нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал: Монгол гэрийн унь, дээврийн дунд байдаг зайг заваг гэдэг. Өөрт байгаа боломжоо ашиглаж чаддаггүй хүнийг завагтаа хүрдэггүй гэж эмээ маань тайлбарлаж өгч байсан. Энэ нь надад Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж чадахгүй байгаатай төстэй санагдаад эсээнийхээ агуулгадаа тусгасан. Миний хувьд байгалийн баялгийн хувь гэж иргэдэд бэлэн мөнгө өгөхийг өгөөж гэж боддоггүй. Харин баялгийн сангийн хуримтлал үүсгээд дэлхийн стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг баривал энэ нь иргэдэд хүртээж байгаа баялгийн зөв өгөөж  болно гэж бодож байна. Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт илүү зарцуулж, хөрөнгө оруулалт хийх ёстой санагддаг. Би энэхүү эсээгээ бичихийн тулд Үндсэн хуулиа сайн судалж, мэдсэн.

 

Үндсэн хуулийн Зургадугаар зүйл нь өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж боддог

Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата: Юуны өмнө Монгол Улсын Үндэсний хуулийн өдөр”-т зориулж энэхүү уралдааныг зохион байгуулж, биднийг оролцоог хангаж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж олгосон хүмүүст талархаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь зөвхөн өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж боддог.

 

Байгалийнхаа баялгаа ашиглаад, нөхөн сэргээлтээ хийж чадаж байна уу гэдэгт  иргэд хяналт, шалгуур тавих хэрэгтэй

Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун: Үндсэн хууль, төр засаг нь Монгол Улсынхаа төлөө байх нь хангалтгүй. Харин ард, иргэд нь энэ асуудалд хариуцлагатай Үндсэн хуульдаа захирагддаг байх хэрэгтэй. Энэ агуулгыг эсээндээ тусгасан. Монгол Улс байгалийнхаа баялгаа ашиглаад, нөхөн сэргээлтээ хийж чадаж байна уу гэдэгт иргэд хяналт, шалгуур тавих хэрэгтэй. Мөн төр засгаасаа эхлээд энэ мэдээллийг ил тод, илүү нээлттэй байлгах нь зөв гэж ойлгодог. Хариуцлага гэдэг зөвхөн томчууд, эрх мэдэлтнүүдийн асуудал, эсвэл тэдний гаргасан шийдвэрт захирагдана гэсэн үг биш. Хүүхдүүд ч гэсэн дуу хоолойгоо хүргэж, эх орныхоо төлөө, өөрсдийнхөө амьдармаар байгаа ирээдүйгээ бүтээхийн тулд ямар оролцоотой байх талаараа бодож, төлөвшихөд хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.