Талбайгаа хэтрүүлсэн “Бүрдэл майнинг” ХХК-ийнхан экологид 1.6 тэрбумын хохирол учруулжээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Бүрдэл майнинг” ХХК болон уурхайн дарга В.Банзрагч, гүйцэтгэх захирал У.Угтах нарт холбогдох хэргийг өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн хянажээ. Улмаар хэлэлцэхээс татгалзсан байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагчдын өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй” гэж үзсэн юм.
Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангайн заагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн дарга В.Банзрагч, гүйцэтгэх захирал У.Угтахтай үгсэн тохиролцож, зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг техник хэрэгслийн хүчээр ухаж, ашигт малтмал олборлосон байдаг. Үүний улмаас Төв аймгийн Заамар сумын орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбай эвдэгдэж, байгаль орчинд 1.6 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан аж.
Уг хэргийг Экологийн цагдаагийн албанд шалгаж, Төв аймгийн Прокурорын газраас У.Угтах, В.Банзрагч нарт Эрүүгийн хуулийн 24.2-1, 24.2-3 дахь хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны зургаадугаар сард шилжүүлсэн юм. Гэвч шүүх нь шаардлагагүй нэмэлт ажиллагаа хийлгэхээр өнгөрсөн есдүгээр сард прокурорт буцаасан байна. Үүнийг нь Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэжээ.
Ингэснээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэж, шийдвэрлэхээр болов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.