Ховдчууд хөвсгөлийнхний араас нохойн замаар орох вий

Ховдчууд хөвсгөлийнхний араас нохойн замаар орох вий

Ховд аймагт ганцхан уурхай үйл ажиллагаа явуулдаг нь Хөшөөтийн нүүрсний уурхай. 

Аймаг орон нутаг болон ойр хавийн Цэцэг, Дарви сумын иргэдээс хэдэн зуугаараа ажилладаг энэхүү уурхайгаа ховдчууд хамгийн гайхалтай нь ихэд ад үзнэ. Байсхийгээд л үйл ажиллагааг нь зогсооно. Байсхийгээд л жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл өрнөнө. Сонгуулийн өмнө бол бүр нажидаа эдэлдэг юм гэсэн. Нэр дэвшигч бүр Хөшөөтийн уурхай руу шүлсээ үсчүүлэн дайрах ба яагаад ч юм сонгуулийн дараа чив чимээгүй болчихдог гэжуагаа.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд л нүүрс тээврийн жолооч нар нь ажил хаяв. Жилд хичнээн ийм үйл явдал болдгийг бурхан л мэдэх хэрэг.

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэй ордод эхний ээлжинд хайгуул хийхээр зөвшөөрөл аваад байгаа компани бас нажидаа эдэлж байх шиг. Байгаль орчин, хүн малд гэм хоргүйгээр ашиглах ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавихын оронд “ашиглуулахгүй, хадгалж үлдэнэ” гэсэн муйхар аргаар үе үе тэмцэл өдөөх.

Олонд ил болсон мэдээллээр жагсаал цуглаанаар амьдардаг болсон хэсэг бүлэг хүмүүс турхирдаг юм гэнэ лээ. Үлдсэн хэд нь бол тэдний далд санааг мэдэхгүй дүйвээнээр явж байгаа улс.

Иймдээ ч тэр үү сүүлийн үед ховдчууд “Уул уурхайгүй аймаг болно” хэмээн ярих болжээ. Ийм яриа ч эртнийх л дээ.

Хөвсгөл аймаг уул уурхайгүй болоод арван жилийг үдэж байна. Соц үед ашиглаж эхэлсэн ганц нүүрсний уурхайтай. Ганц уурхай байхад хаваасаг, бид аялал жуулчлалаар амьдарна гэж ярьдаг.

Үнэндээ аялал жуулчлалаар амьдраад алаад байгаа юм байхгүй л дээ. Хоёрхон сар нар үзүүлж цөм хийдэг бизнес ч гэж дэлхийд хаана байхав. Хамгийн их хүн амтай, ажилгүйдэл хамгийн их хэвээрээ л байгаа. Аялал жуулчлалаар олдог орлого нь нэг уурхайн нэг өдрийн ашиг ч хүрэхгүй. Энэ хэрээрээ бол боловсрол, эрүүл мэндийн асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. 

Ховдчууд маань арай үүнийг хүсээгүй байлтай.

Гэтэл улсаас татаас авдаг байсан Сүхбаатар аймаг тэртээ цайраа олборлох ганц үйлдвэр бариад л татаас авахгүй, харин өгдөг болоод бараг нэгэн “жаран” өнгөрч байна. Өмнөговь, Орхон аймгуудын талаар бол ярилт үгүй. Монголыг тэжээж байна.

Нохойн замаар орох гэж хэллэг байдаг. Ховдчууд маань хөвсгөлийнхнийг дагаад нохойн замаар орох вий дээ. Зүй нь бол олборлуулж ашгийг нь хүртээд, харин хариуцлагатай ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг нь хянаж байх ёстой юм л даа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.