Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр илрүүлжээ
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомстол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт ойн 77.0 мянган га, хээрийн 870.0 мянган га буюу нийт 947.0 мянга орчим га талбай өртсөн бол 370 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан нь нийт зардал 185 дахин өссөн үзүүлэлт. Бүртгэгдсэн түймрийн 63.5 хувийг иргэдийн дуудлага, мэдээллээр, 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр тандалт хийж илрүүлэн, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Ойн түймрийг унтраах ажиллагаанд давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагын 5300 гаруй алба хаагч, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын хэсгүүд, иргэд нийт 13.256 хүн, 2000 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол гурван нисдэг тэргээр нийт 55 удаагийн нислэг үйлдсэн байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног түймрийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.