Их Британи, Франц улсууд Украинд цэрэг байршуулахаар тохиролцов
ОХУ-тай энхийн хэлэлцээрт хүрсэн тохиолдолд Их Британи, Франц улсууд Украинд цэргүүдээ байршуулах тухай тунхаглалд талууд гарын үсэг зуржээ.
Парис хотноо болсон Украины холбоотнуудын уулзалтын дараа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер "Ирээдүйн түрэмгийллийг таслан зогсоохын тулд Их Британи болон Франц улсууд Украин даяар цэргийн баазуудыг байгуулна" гэж мэдэгдсэн юм.
Гал зогсоох хэлэлцээрийн хяналтын ажлыг АНУ удирдан явуулахыг талууд санал болгосон бөгөөд Украины аюулгүй байдлыг хангах бат бөх баталгаанд санал нэгдсэн аж. Үүний хүрээнд олон мянган цэрэг байршуулж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэмдэглэжээ.

Харин ОХУ-ын зүгээс Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн гадаадын аливаа цэргийн хүчин мөн "Бай" болохыг удаа дараа анхааруулсаар ирсэн билээ. Энэ удаагийн холбоотнуудын уулзалтын үр дүнг зарласнаас хойш Москва албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Парисын тунхаглалыг "Маш том алхам" хэмээн сайшаасан ч дайн тэр чигтээ дуусгавар болохоос нааш ямар ч хүчин чармайлтыг "Хангалттай" гэж үзэхгүйгээ онцолсон юм.
Энэ удаагийн шийдвэр өндөр ач холбогдолтой ч энх тайван баталгаатай болоогүй гэдгийг тэрээр мөн хүлээн зөвшөөрсөн байна. Бодит ахиц дэвшилд Оросын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй хэдий ч дайныг зогсоох дипломат хэлэлцээрт Москва сүүлийн өдрүүдэд идэвхтэй оролцохгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Зеленский "Энхийн хэлэлцээр 90 хувь бэлэн болсон" гэж мэдэгдсэн. Харин үлдсэн 10 хувьд нь тохиролцож чадвал "Энх тайвны хувь заяа, мөн Украин болон Европын хувь заяаг тодорхойлно" гэсэн юм.

Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.