Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээсний 70 жилийн ой тохиож байна
Монголын төмөр замчид, төмөр замын салбарынхан өнөөдөр түүхийн хуудаснаа тод томруунаар бичигдэн үлдсэн нэгэн чухал өдрийг угтаж байна.
Энэ өдөр буюу 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр манай улс Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж, БНХАУ-аас анхны суудлын галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн түүхэн өдөр тохиож байна.
Түүх сөхвөл, 1949 онд “УБТЗ” ХНН байгуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж, Улаанбаатар-Наушик хоорондох ган зам ашиглалтад орсноор манай төмөр замчдын хөгжлийн түүх эхэлсэн байдаг.

1952 оны 09 сарын 15-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатар-Замын-Үүд, Жининий хооронд төмөр зам барихаар тохиролцсон байдаг. Энэ төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаснаар гурван улсын хооронд төмөр замын шууд харилцаа 1956 оны 01 сарын 01-нд нээгдсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү 1956 оны 01 сарын 03-нд буюу энэ өдөр БНХАУ-тай холбогдож хоёр хөршийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүрэг гүйцэтгэдэг чухал суваг болжээ. Түүхт 70 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж буй УБТЗ-ын хамт олон, инженер, техникийн ажилтнууд, нийт төмөр замчиддаа шинэ оны баярын мэндийг хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.