🔴О.Батнайрамдал: Оюутолгойн тогтоол батлагдсанаар түүхийн шинэ хуудас нээгдэж байна

AI хөрвүүлсэн

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталжээ.

УИХ-ын гишүүн, Оюутолгойн Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал:

-Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, өгөөжийг нэмэгдүүлэх тусгай шалгалтын нээлттэй сонсголын үр дүнг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төслийг УИХ-ын гишүүдийн 81.2 хувь нь дэмжиж, баталлаа.

Оюутолгой төсөл бол анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 16 жилийн хугацаанд 22 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Дараагийн 20-30 жилд Монголын эдийн засгийн гол тулгуур болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 хувь, Монгол Улсын нийт өрийн 50 хувь, валютын нөөцийн 41 хувийг бүрдүүлдэг ач холбогдолтой төсөл. Удахгүй дэлхийн гуравдагч том зэсийн үйлдвэрлэгч болно. Энэ цаг үед Монголын олон нийт, ард түмэн анх амласан 53 хувийн өгөөжийг нэхэж байна.

Хянан шалгах түр хорооны шалгалтаар чухал асуудлуудыг хөндөж, тогтоолд тусгасан. Энэ тогтоол түүхэн шинэ хуудас нээж байна. Шалгалтаар 94 мянга орчим хуудас нотлох баримт цуглуулж, 18 хянан шалгагч, шинжээч ажиллаж, гурван өдрийн сонсголоор тайлагнасан. Үүний хүрээнд Эдийн засгийн байнгын хорооноос санал авч, УИХ-д өргөн барьсан. Харин өнөөдөр УИХ ийнхүү түүхэн шийдвэр гаргалаа гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Үе үеийн парламент дээр энэ асуудлыг хэлэлцэх гэж хичээсэн ч 2024 оны 126 гишүүнтэй парламентаар Хянан шалгах түр хороо байгуулж, ард иргэдэд нээлтэй мэдээлэл өглөө. Бид цаашдаа Оюутолгойн бүлэг ордын геологийн хайгуул, судалгааг үргэлжлүүлж, үнэ цэнийг өсгөн, ашиглалтын хяналтыг сайжруулах шаардлагатай.

Хянан шалгах түр хороо татан буугдах ч гишүүд Оюутолгойн араас үргэлжлүүлэн ажиллана. Бид илүү том ном гаргаж, худал мэдээлэл өгсөн албан тушаалтнуудыг хариуцлага хүлээлгэх, ашиглалтын хяналтыг сайжруулах ажлыг үргэлжлүүлнэ. Монголын баялаг ард түмэнд үр өгөөжтэй байх ёстой гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.