🔴Б.Батцэцэг: Бүх иргэний визийг нэг дор чөлөөлнө гэдэг утгагүй асуудал
БНСУ-д 30 хоног визгүй зорчих асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулав.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Монгол Улсад 30 гаруй улсын иргэд визгүй нэвтэрч байгаа. БНСУ-ын иргэд гурван жилийн хугацаатайгаар визгүй нэвтрэх эрхийг хоёр удаа баталсан. Одоо тэр хугацаа нь дуусаж байгаа тул дахиж сунгах эсэхийг биднээс асуусан. Бид одоохондоо хариугаа өгөөгүй байна. Монгол Улсын зүгээс зөрүүлээд Солонгосын Засгийн газраас манай иргэдийн визний асуудлыг хөнгөвчлөхийг хүсдэг. Гэхдээ монгол иргэдийн гэмт хэрэг буурахгүй, хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн тоо буураагүй, визний хугацаагаа хэтрүүлэх зэрэг асуудал их гардаг тул манай ангилал нэлээн доогуур байдаг.
Түүнчлэн, Монгол Улсын ДНБ нэг хүнд ноогдох хэмжээ нь 10 мянган ам.долларт хүрвэл Солонгос өөрсдөө визгүй болгох журамтай.
Тэгэхээр эхний ээлжид, өвчтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчид Солонгосыг эрүүл мэндийн зорилгоор зориход визийг хөнгөлж, хурдан гаргаж өгөхийг хүссэн. Мөн тус улсад тогтмол зорчдог компани, аж ахуйн нэгжүүдийн захирал, худалдааны менежерүүдийг визээс чөлөөлөх хүсэлт тавьсан. Ийнхүү шат дараалалтай явна. Тэрнээс биш, бүх иргэний визийг нэг дор чөлөөлнө гэдэг утгагүй асуудал. Улс бүр өөрийн визний журамтай, бүс нутгаар нь хуваасан, онцлогтой байдаг. Манайх ч бас зарим орныг визтэй зорчуулах бодлоготой. Тиймээс өөр улсын хууль дүрмийг манайд тааруулаад, бүгдийг визгүй болгох боломжгүй.
Сүүлийн гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн зорилгоор Солонгос явж байгаа хүмүүсийн визийг хялбарчилж байгаа. Цаашид асуудлаа дахиж хэлэлцээд, БНСУ-ын иргэдийн визний тухай шийднэ.
-Австри улсын Өргөмжит консул Д.Сэргэлэнгийн тухай тайлбар өгнө үү? Манай улсаас энэ хүнд хариуцлага тооцох боломж байдаг уу? Олон нийтээс шүүмжлэлтэй хандаж байна.
-Австри Улсаас иргэн Д.Сэргэлэнг сонгоод, 2003 онд Өргөмжит консул болгосон. Хууль хяналтын байгууллагаар шалгах тохиолдолд Монгол Улсын иргэний хувиар нь шалгах бүрэн боломжтой. Ямар нэгэн дипломат эрх эдлэхгүй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь нотлогдож, хууль хяналтын байгууллагаас манай яаманд бичгээр ирвэл бид зохих ёсоор БНАУ-ын Засгийн газарт уламжлаад, энэ хүнийг эргүүлэн татахыг хүсэж болно.
Филиппиний Засгийн газар, Гадаад хэргийн яам, Элчин сайдын яамнаас тус улсын хохирогч иргэнтэй холбоотой мэдээллийг манай яаманд албан ёсоор ирүүлээгүй. Хохирогчийн хүүхдүүд, ар гэрийнхэн нь албан ёсоор хандаагүй, Д.Сэргэлэнгийн гэм бурууг тогтоогоогүй учраас бид энэ асуудалд оролцохгүй байгаа.
Гэхдээ анхааралтай ажиглаж байна. Австрийн Засгийн газраас ч биднээс тодруулсан зүйл байхгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.