Ч.Ундрам: Хиймэл оюун ухаан ашиглан худал мэдээлэл түгээж байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.
“Сүүлийн өдрүүдэд хиймэл оюун ухаан ашиглан бодит зураг, мэдээллийг санаатайгаар өөрчилж, олон нийтийг төөрөгдүүлсэн, нэр хүндэд халдсан агуулгатай пост, зургууд цахим орчинд түгж буйд харамсаж байна.
Тухайлбал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн албан уулзалтын зургийг авч хиймэл оюун ухаан, фотошоп программ ашиглан өөрчилж санаатайгаар худал мэдээлэл болгон түгээж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж, төрийн байгууллага, албан тушаалтнуудын нэр хүндэд ноцтойгоор халдаж буй үйлдэл юм.
Эдгээр зургийг эх сурвалжтай нь харьцуулан шалгахад, мөн технологийн хэрэгслүүд /хиймэл оюунд суурилсан шалгах системүүд/ ашиглан нягтлахад хуурамч, эвлүүлэг болох нь тодорхой илэрч байна.
Технологийн хурдацтай хөгжлийн энэ үед иргэн бүр мэдээллийн эх сурвалжаа сайтар нягталж, баталгаатай, албан ёсны сувгуудаас /төрийн байгууллагын цахим хуудас, телевиз, итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл/ бодит мэдээлэл авч байх нь нэн чухал байна.
Цаашид хиймэл оюун ухаан ашиглан эвлүүлэг хийх, гүтгэлэг тараах, санаатайгаар нэр хүндэд халдах явдал зөвхөн төрийн өндөр албан тушаалтан төдийгүй иргэдийн дунд ч нэмэгдэх эрсдэл өндөр байгаа тул иргэд, олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байж, хууль хяналтын байгууллагуудыг уг төрлийн зөрчилд анхаарал хандуулан, шалгаж, холбогдох арга хэмжээг авч байхыг хүсэж байна”.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.