МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
"Digital Startup Awards 2025" хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Узбекистан Улсад болсон албан ёсны арга хэмжээний үеэр Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) болон Узбекистаны Ай Ти Парк хооронд хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгуулжээ.
Тус санамж бичиг нь стартап, инновац, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам болсон юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стартапуудыг харилцан дэмжих, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, бүс нутгийн инновацын экосистемийг бэхжүүлэх зорилготой бөгөөд төв азийн орнуудын мэдээллийн технологи, стартап, экосистемийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах эхлэл болж байна.
"Digital Startup Awards 2025" хөтөлбөрийн хүрээнд Узбекистан Улсад зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Тус арга хэмжээний үеэр МТҮП-ын захирал Ж.Золзаяа “Digital Startup Awards” зохион байгуулж буй есөн улс хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг (MoU)-т гарын үсэг зуржээ.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Best startup project” төрөлд “Egune AI” болон “Uwish” компаниуд стартапууд финалын шатанд амжилттай оролцож, хурдасгуур хөтөлбөрөөс "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авсан байна. Энэхүү амжилт нь Монгол улсын стартапууд бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх өндөр чадавхтайг харуулж буй бодит үр дүн юм.
Уг арга хэмжээ нь DSA 2025-ийн түнш есөн улс оролцсон олон улсын түвшний уулзалтын нэг хэсэг бөгөөд Монгол Улсын инновац, технологийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.