Сиднейн халдлагын "Баатар"-т 1.1 сая гаруй австрали долларын хандив цугларчээ

Сиднейн халдлагын "Баатар"-т 1.1 сая гаруй австрали долларын хандив цугларчээ

Австралийн Сидней хотын алдарт Бондай далайн эрэгт болсон террорист халдлагын үеэр буутай этгээдийг нүцгэн гараараа буулган авч, бууг нь булааж, улмаар олон хүний амийг аварсан Ахмед аль Ахмед гэх эрэгтэй хоёр дахь халдагчийн суманд өртөн, гарандаа шарх авч, мэс засал хийлгэн, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэгтэл түүнд зориулсан хандивын арга хэмжээнд 1.1 сая гаруй австрали доллар цугларсан байна.

43 настай, хоёр хүүхдийн аав Ахмед аль Ахмедыг тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез "Баатар" хэмээн цоллож, түүний эр зориг олон хүний амийг аварсныг онцолсон юм. Харин Ахмедын аав Мохамед Фатех аль Ахмед "ABC News" телевизэд өгсөн ярилцлагадаа хүүгээ Австралийн иргэн бөгөөд жимс, хүнсний ногоо зардаг наймаачин болохыг дурджээ. Тэрээр "Миний хүү цагдаагийн алба хашиж байсан. Бусдыг хамгаалах хүсэл эрмэлзэлтэй баатар эр" гэсэн байна.
 
Ахмедад зориулсан цахим хандивын аяны хүрээнд нэг өдрийн дотор 1.1 сая гаруй австрали доллар цугларсан аж. Хандив өргөгчдийн дунд тэрбумтан Билл Акман байсан бөгөөд тэрээр хамгийн их хэмжээг буюу 99,999 австрали долларыг хандивласан байна.
 
15 хүний аминд хүрсэн зэвсэгт этгээдүүдийн нэг болох 50 настай Сажид Акрам цагдаа нарт буудуулж, нас барсан. Харин түүний хүү болох 24 настай Навид Акрам нь мөн буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгааг албаныхан мэдээлсэн юм. Тус хоёр халдагч нь өнгөрсөн сард Филиппин рүү явсан бөгөөд аяллын зорилго нь тодорхойгүй байгааг Австралийн цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Филиппиний хууль хүчний байгууллага мөн энэ асуудлыг шалгаж байгаа аж. Тус улсад "ISIS" буюу "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой бүлгэмүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халдагчид тэнд "цэргийн" бэлтгэлд хамрагдсан гэх таамаглал байгаа юм.
 
Эх сурвалж: Reuters, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.