Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болгосон байна.
2026 оны 6 дугаар сарын 20–23-ны өдрүүдэд “Морьтны парад”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Netflix баримтат киноны зураг авалт хийж, нийт 56 улсын төлөөлөл оролцохыг мэдээлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 7 дугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан бөгөөд адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгажээ.
Мөн 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулах, нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны 2 дугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өгчээ. Мөн гадаад оронд амьдарч буй Монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгосон юм.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.