Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр төмөр замын ачаа эргэлт, зорчигч тээврийн үнийн асуудал, малын өвчний вакцин нийлүүлэлт, ТЭЦ-3 станцын шинэ барилгын ажлыг түргэвчлэх зэрэг олон талын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна.
 
Шадар сайд Х.Ганхуяг хоёр улсын хил орчмын бүс нутагт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх болон ой, хээрийн түймрийн үед хамтарсан хариу арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцлоод энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр талууд хэлэлцжээ.
 
Элчин сайд А.Н.Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг онцлоод Монгол Улс нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм. Энэ асуудал дээр Шадар сайд Х.Ганхуяг 200 мянган тонн багтаамжтай түлшний нөөцийн сав барих төсвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлсэн талаар мэдээлэв.
 
Мөн баруун бүсийн аймгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан улаан буудайн нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг Шадар сайд Х.Ганхуяг онцолсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.