Палеонтологийн хосгүй чулуужсан араг ясыг Парис дахь ЭСЯ-ныхан хүлээн авчээ

Палеонтологийн хосгүй чулуужсан араг ясыг Парис дахь ЭСЯ-ныхан хүлээн авчээ
Монгол Улсаас гаралтай палеонтологийн хосгүй үнэт өв болох динозаврын чулуужсан араг яс, эд өлгийн зүйлсийг 2025 оны 12-р сарын 4-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам Лион хотын Гаалийн байгууллагаас албан ёсоор хүлээн авчээ.
Зөвхөн Монголын говиос олддог Тарбозавр батаарын бүтэн араг яс хийгээд Орнитомимозавр, Теропод овирапторозавр зэрэг бусад төрлийн үлэг гүрвэлийн хэсэг, өндөг зэрэг олон тооны олдворыг хууль бусаар худалдаалагдах явцад нь Франц Гаалийн байгууллага 2013 онд анх илрүүлж, хураан аваад байсан бөгөөд олон жил дамнан үргэлжилсэн мөрдөн шалгах, шүүх ажиллагааны үр дүнд ийнхүү албан ёсоор Монгол Улсын өмчлөлд хүлээн авч байгаа юм.
Монгол Улс шүүх ажиллагаанд 2023 онд иргэний нэхэмжлэгчээр бүртгэгдэн орсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт хүргүүлэх, археологи, палентологийн мэргэжилтнүүд томилон ирүүлж уг гарвалыг тогтооход дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн өмгөөлөгчийн дэмжлэг авах, шүүх байгууллагатай харилцах зэрэгт ЭСЯ талуудтай ойр, шуурхай хамтран ажиллажээ.
БНФУ дахь ЭСЯ-ны зүгээс хэргийг илрүүлж, олон жилийн турш тасралтгүй ажилласан Францын Гаалийн мөрдөн байцаах алба, шүүх байгууллага, өмгөөлөгчдийн баг, эрдэмтэн, шинжлэх ухааны мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, ШУА-ын дэргэдэх Палеонтологийн хүрээлэн болон холбогдох чиг үүргийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүн гарлаа хэмээн тэмдэглэсэн байна. 
Монгол Улс эд өлгийн зүйлсээ ийнхүү хүлээн авч буй нь зөвхөн манай оронд бус 1970 оны ЮНЕСКО-гийн соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх конвенцийн хэмжээнд сайн жишиг болж буй онцлогтой юм.
"Эд өлгийн зүйлсийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг францын тал Парис хотноо зохион байгуулснаар монголын тал ойрын хугацаанд эх орондоо тээвэрлэн хүргэх болно" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.